АНУ, Европын Холбоо худалдааны гэрээний талаар тохиролцоонд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугар сарын 22 /ABC/. АНУ, Европын Холбоо /ЕХ/ эмийн бүтээгдэхүүн, авто машин зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээ зэрэг худалдааны гэрээндээ тусгасан заалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг пүрэв гарагт танилцуулжээ.
Тохиролцоонд хүрэхээс өмнө ЕХ-ны бараа бүтээгдэхүүнд 30 хувийн татвар ногдуулах төлөвтэй байсан юм. Харин одоо АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох тус холбооноос нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаар болжээ. Үүний хариуд ЕХ АНУ-ын аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа тэглэх бөгөөд Европын компаниуд Америкаас олон зуун тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахыг зорих ажээ.
“Энэхүү гэрээ нь дэлхийд хамгийн томд тооцогдох манай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бат бөх болгож, хоёр талын эдийн засгийг дахин үйлдвэржүүлэх үйл явцыг идэвхжүүлнэ” гэж АНУ, ЕХ-ноос пүрэв гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлд дурджээ. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын мэдээлснээр, 2024 онд ЕХ 370 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг АНУ-аас худалдан авсан бол Америкийн тал Европоос 605 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байна. АНУ жил бүр ЕХ-той аль ч улсаас илүү их хэмжээний худалдаа хийдэг.
Хэлэлцээрийн дагуу АНУ-ын эмийн импортын гол эх үүсвэр болох ЕХ-ны эмийн бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулна. Нийтээр хэрэглэж заншсан эм бэлдмэлүүдийн хувьд шинэ гэрээнд хамааралгүй бөгөөд ингэснээр ийм эмүүдэд ойролцоогоор 2.5 хувийн татвар ногдуулах төлөвтэй байна. Д.Трамп өмнө нь эм, эмийн бүтээгдэхүүнд 250 хүртэлх хувийн өндөр татвар ногдуулна гэж сүрдүүлж байсантай харьцуулахад энэхүү алхам нь эмийн бүтээгдэхүүний тарифыг нэмэгдүүлэх магадлалыг буурууллаа. Шинэ тарифууд есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Мөн Америкийн тал хагас дамжуулагчид 15 хувийн татвар ногдуулах бөгөөд энэ нь Д.Трампын өмнө нь мэдэгдэж байсан 300 хувийн татвараас хамаагүй доогуур байна. Шинэ гэрээнд дурдагдаагүй согтууруулах ундаанд мөн 15 хувийн татвар ногдуулах бололтой. Тарифын хөнгөлөлтийн хариуд ЕХ нь АНУ-ын бүх аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг цуцалж, АНУ-ын далайн гаралтай бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд давуу эрх олгоно гэж АНУ-ЕХ-ны хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Мөн Европын компаниуд гурван жилийн хугацаанд АНУ-д үйлдвэрлэсэн 750 тэрбум ам.долларын өртөг бүхий эрчим хүчний бараа бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөж байна. Түүнчлэн ЕХ өөрийн тооцоолох төвүүддээ зориулан АНУ-д үйлдвэрлэсэн хиймэл оюун ухааны чипүүдийг хамгийн багадаа 40 тэрбум ам.доллараар худалдан авахаар төлөвлөж байна гэж мэдэгдэлд дурджээ. Үүний зэрэгцээ Европын компаниуд гурван жилийн хугацаанд АНУ-ын “стратегийн салбаруудад” 600 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгааг тэмдэглэсэн байна. Шинэ тохиролцоо нь хоёр талын худалдааны талаарх эцсийн шийдвэр биш байж магадгүй юм. Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, энэхүү тохиролцоо нь “цаг хугацааны явцад өргөжин тэлэх боломжтой үйл явцын эхний алхам” ажээ.