Нур-Султанд болох Сирийн асуудлаарх хэлэлцээнд АНУ оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-20 14:02:08

ВАШИНГТОН. /TASS/. Сирийн байдлыг зохицуулах цорын ганц талбар бол НҮБ гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Америкийн Төрийн департаментын төлөөлөгчийн баасан гарагт мэдэгдсэнээр, Вашингтон “Астанагийн үйл явцын хүрээнд наймдугаар сарын эхээр Нур-Султанд хийх хэлэлцээнд “ямар ч хэлбэрээр” оролцохгүй.


“НҮБ зөвхөн НҮБ Сирийн улс төрийн үйл явцад зориулсан форум юм гэдгийг АНУ цохон тэмдэглэж байна. Наймдугаар сарын эхээр зохион байгуулах гэж буй Астанагийн бүлгийн хэлэлцээ нь Женевийг орлож чадахгүй бөгөөд АНУ ямар ч хэлбэрээр оролцохгүй. Женевийн үйл явц нь Сирийн улс төрийн үйл явцын хувьд цорын ганц найдвартай, хууль ёсны бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр юм” гэж Америкийн гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч хэлжээ.


Түүний хэлснээр, Астанагийн үйл явц нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх эсвэл энх тайвныг тогтноох замд томоохон амжилтад хүргэх чадваргүй байна.


Астанагийн үйл явц бол ОХУ, Турк болон Ираны санаачилгаар Казахстаны нийслэл хотод эхлүүлсэн хэлэлцээ юм. 2019 оны гуравдугаар сард Астана хотын нэрийг Нур-Султан болгож өөрчилсөн боловч хэлэлцээний үйл явцын нэрийг хэвээр үлдээсэн байна. Хэлэлцээний эхний үе шат 2017 оны нэгдүгээр сард болсон бол хамгийн сүүлд 12 дахь үе шатыг  энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр явуулжээ. Хэлэлцээнд Сирийн Засгийн газар болон Башар Асадын дэглэмтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн төлөөлөл болох сөрөг хүчнүүд, мөн ОХУ, Иран, Туркийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Харин НҮБ болон Иордан улс ажиглагчийн статусаар оролцож байгаа аж. АНУ 2018 оны тавдугаар сард хэлэлцээнд оролцохоос татгалзжээ.


Сирийн асуудлаарх Олон улсын дээд түвшний 13 дугаар уулзалт Астанагийн хэлбэрээр Нур-Султанд наймдугаар сарын 1-2-нд болно гэж Казахстаны Гадаад хэргийн яам баасан гарагт мэдээлсэн байна. Уг уулзалтад Ливан болон Ирак улс анх удаа ажиглагчийн хувиар оролцох аж.


Холбоотой мэдээ