Хаягийн мэдээлэлд тулгуурлан байшин, орон сууцны тооллого хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-22 15:27:44

Ховд /МОНЦАМЭ/. “Байшин, Орон сууцны тооллого-2019”  эхэлсэнтэй холбогдуулан ажлын явц ямар бйагаа талаар Ховд аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуугаас тодрууллаа. 

-Байшин орон сууцны  тооллого ямар онцлогтой явагдах вэ?

-Байшин, орон сууцны 2019 оны тооллого нь улс хоршооллын байгууллагаас 1960 онд хийсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулж байна. Энд хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашиглах зэрэг  онцлог талтай.

Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа хүн амьдрах зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход чиглэж байна. 

Тооллогыг дэлхийн ихэнх улс орнууд хаягийн бүртгэлд суурилан явуулж байна. Монгол Улсын хувьд газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д нийцүүлэн хаягийн  зураглал гаргасан.Энэ хаягийн зураглалд тулгуурлан Байшин, орон сууцны тооллогыг хийх нь зүйтэй гэж үзсэн.

 -Тооллого нийгэм эдийн засгийн хөгжилд ямар ач холбогдолтой  вэ?

- Хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг оновчтой боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг тооцоход хэрэгцээтэй анхдагч мэдээллийг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.

Саяхан 2019 оны байшин, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлт, программын ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтад баруун бүсийн аймгуудын сургагч багшаар ажиллах статистикийн хэлтсийн дарга, асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон Ховд аймгийн сумдын тооллогын комиссын дарга нар, төрийн сангийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 63 хүн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн.

-Ирэх 2020 онд Хүн амын тооллого хийнэ. Энэ тооллого ямар онцлогтой болох вэ?

-Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг.  2020 оны нэг сард ээлжит  "Хүн амын тооллого" зохион байгуулна.

Хүн ам, орон сууцны тооллогын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа нийт хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүрээний мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийхэд чиглэж байгаа. 

Монгол Улс түүхэндээ хүн амын тооллогыг 10 удаа хийсэн. Тодруулбал, анх 1918 онд хийсэн бол удаах тооллогыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 болон  2010 онд хийжээ. Харин завсрын тооллогыг 2015 онд явуулсны дотор сүүлийн  дөрвөн  тооллогыг орон сууцны тооллоготой хамт зохион байгуулсан юм.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын өсөлт, хөгжлийг хангах, хүн амын ахуйн нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа зэргийг төлөвлөх зорилтын хүрээнд хүн амын талаарх одоогийн мэдээллийн санг улам баяжуулах шаардлагатай байна. Тиймээс энэ  тооллогын ажил зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. 

-Байшин орон сууцны тооллого хэзээ эхлэх вэ?

-Байшин орон сууцны тооллогыг энэ оны 7 дугаар сарын 22-ноос наймдугаар сарын 05-ныг хүртэл хугацаанд Ховд аймагт зохион байгуулна. Иргэн, аж ахуйн нэгжийг  "Байшин, орон сууцны тооллого"-д идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Энэ  хугацаанд 30-40 судлаач тоологч ажиллана. 




Холбоотой мэдээ