Мандах суманд мобайл технологи хэрэгжиж эхэллээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-07-22 22:14:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Мандах сумын эрүүл мэндийн төв “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд хамрагдлаа.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хаана ч, хэзээ ч хүргэх “Мобайл технологи” буюу эрүүл мэндийн хөдөлгөөнт тусламж үйлчилгээ нь аливаа, хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг газар дээр нь хийх, эмчлэх, хянах, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг үүсгэх чухал ач холбогдолтой аж.

“Мобайл технологи”-ийг цаашид бусад сумдадаа хамруулж, орон нутагтаа хэрэгжүүлснээр алслалт, газар зүйн онцлогоос хамаарч тусламж үйлчилгээнээс орхигдох магадлалтай хүн амд хүрч үйлчлэх, малчид зөвхөн эмнэлэг дээр үзлэг шинжилгээгээ хийлгэх биш гэртээ оношилгоо шинжилгээний анхан шатны тусламжийг авах, иргэд өвчлөлөөс эрт сэргийлэх, эмчлүүлэх боломж бүрдэнэ.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын Олон Улсын эрүүл мэндийн сан “KOFIH”-ын санхүүжилтээр 21,3 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг тус сумын ЭМТ-д нийлүүлсэн байна.



Холбоотой мэдээ