Монгол, Хятадын санхүүгийн хамтын ажиллагаа шинэ шатанд хүрнэ

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
batbold.sh@montsame.gov.mn
2019-07-23 09:23:16
@ShoovdorBatbold

БЭЭЖИН. /Ардын өдрийн сонин/. “Монгол Улс нь ‘Бүс ба зам’ санаачилгыг идэвхтэй дэмжигч болон оролцогч орны хувьд “Банк оф Чайна” болоод гадаад улсуудын санхүүгийн байгууллагуудад боломжийг бий болгож байна. “Банк оф Чайна”-гийн Монгол дахь охин компани буюу банк байгуулагдмагцаа Хятад улсын ‘Бүс ба зам’ санаачилга болон Монгол Улсын ‘Хөгжлийн зам’ стратегийг хэрэгжүүлж, уялдуулахад санхүүгийн баталгаа болох ба Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах ажилд тустай юм” хэмээн “Банк оф Чайна” Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн төлөөлөгч Дай Шингжүн бидний ярилцлагын эхэнд хэлсэн юм.


Дай Шингжүн Монгол Улсад олон жил ажиллаж амьдарсан ба тэрбээр “Хятад улсын хамгийн том глобалчлагдсан арилжааны банкны хувьд “Банк оф Чайна” нь идэвхтэйгээр ‘Бүс ба зам’ санаачилгыг хэрэгжүүлж, ‘Бүс ба зам’-ын санхүүгийн гол судасыг үүсгэхээр хичээн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “Банк оф Чайна” нийтдээ 600 гаруй ‘Бүс ба зам’ дагуух томоохон төслүүдийг судлан, ‘Бүс ба зам’ дагуух орнуудад төрөл бүрийн зээлийн дэмжлэг үзүүлж, одоогоор олгосон зээлийн хэмжээ 130 тэрбум ам.доллар давсан байна. ‘Бүс ба зам’ санаачилга улам олон орны дэмжлэгийг авахын хэрээр “Банк оф Чайна” тасралтгүй салбар банкуудын тоогоо нэмэгдүүлсээр байна. Үүний дотор, 23 ‘Бүс ба зам’ дагуух орнуудад 70 гаруй салбар банк байгуулж, дэлхийн болоод ‘Бүс ба зам’ дагуух байгуулсан банкны тоогоороо Хятадын хөрөнгө оруулалттай банкуудаа тэргүүлж байна. “Банк оф Чайна” Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар 2013 онд байгуулагдаж, 2014 онд албан ёсоор Монгол дахь охин компани байгуулах ажлыг эхлүүлж тухайн жилдээ бэлтгэл ажлаа дуусгаж үйл ажиллагаа эрхлэх нөхцлөө бүрдүүлсэн” хэмээн тайлбарлав.


“Банк оф Чайна”-гийн Монголд банк байгуулснаар бий болох эерэг үр дүнгүүдийн талаар тэрбээр хэлэхдээ “Нэгдүгээрт, Монгол Улсын дэд бүтэц, бүтээн байгуулалт, уул уурхай зэрэг томоохон төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаарт, Монгол Улсын зах зээл рүү орох валютын урсгалыг нэмэгдүүлж, үүгээрээ гадаад валютын нөөцөө нэмэгдүүлээд зогсохгүй, хөрөнгө оруулагчийн итгэлийг сэргээх, төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой. Гуравдугаарт, юанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, хоёр талын хоорондын худалдаа арилжааг хялбаршуулна. Дөрөвдүгээрт, Монгол Улсын өрийн бүтцийг сайжруулж, ханшийн эрсдлээс сэргийлэн санхүүгийн аюулгүй байдлыг хангана” гэв.


Дай Шингжүн үргэлжлүүлэн, “Банк оф Чайна” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авбал, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцож, Монгол Улсын урт хугацааны хөгжлийг дэмжинэ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах төслийг дэмжиж, Улаанбаатар хотын өвлийн улиралд тулгардаг агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. Монгол Улсын 8 хувийн орон сууцны ипотекийн зээлийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх гарцыг идэвхтэй судалж, олон олон Улаанбаатар хотын оршин суугчдыг бага хүүтэй зээл авах боломжоор хангахын тулд ажиллах юм. Үүний зэрэгцээ “Банк оф Чайна” глобалчлагдсан давуу талаа ашиглан бага өртөгтэй санхүүжилтээр Монголын зах зээлд өрсөлдөхүйц валютын зээл олгож харилцагчдаа улам хөгжих орон зай бий болгоно гэлээ.    


Мөн тэрбээр “Дэлхийд нэр хүндтэй олон улсын зэрэглэлтэй банкны хувьд “Банк оф Чайна” Монгол Улсын банкны үйл ажиллагааны цар хүрээ, найдваргүй зээлийн хөрөнгийг захиран зарцуулах, санхүү бүртгэл татварын зэрэг хяналт шаардлагуудыг хатуу даган мөрдөж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна. “Банк оф Чайна” цаашид ялгавартай үйл ажиллагааны стратеги баримталж, голчлон том хэмжээний төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ба жижиг, дунд харилцагч болон иргэдийн зээлд оролцохгүй бөгөөд төгрөгийн хадгаламжийн үйлчилгээ үзүүлэхгүйн зэрэгцээ Монголын дотоодын банкуудтай бүх талаар хамтарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.


Хятадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллага Монгол, Хятад хоёр орны худалдаа эдийн засаг, хоёр орны ард иргэдийн соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох ач холбогдолтой талаар ярилцахад Дай Шингжүн дараах тайлбарыг өгсөн юм. “Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд “Банк оф Чайна” нь ICBC болон Хятадын Хөгжлийн банк зэрэг Монгол Улсад байгаа Хятадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн үйлчилгээг сайжруулах тал дээр тасралтгүй арга зам эрэлхийлж, “Монголын эдийн засаг, санхүүг судлах төв” байгуулж, тогтсон хугацаанд олон нийтэд Монгол Улсын санхүү, эдийн засгийн судалгааны ажлуудаа хүргэдэг. “Хятадын банкны лекц” арга хэмжээг санаачлан зохион байгуулж, Монголын төрийн байгууллагуудын удирдах түвшиний ажилтан болон мэргэжилтнүүдийг урьж оролцуулан Монгол, Хятад аж ахуйн нэгжүүдэд салбарын бодлого, журмыг танилцуулж, мэдээлэл өгөх лекц арга хэмжээг зохион байгуулдаг; Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтран “Бүс ба зам” Хятадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүдийн клубыг байгуулж, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмждэг. “Банк оф Чайна”-гийн Төв оффисын Жижиг, дунд аж ахуйн нэгжийн хил дамнасан платформыг ашиглан “Онлайн+нүүр тулсан уулзалт” буюу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбон зуучлах үйлчилгээний арга хэлбэрийг бий болгож, Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахад туслалцаа үзүүлсээр байна.     


Үүнээс гадна “Банк оф Чайна” Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар нь систем дэх өөрсдийн ах дүүгийн харилцаатай банкуудтайгаа болон Монголын санхүүгийн салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүсэлт шаардлагыг шийдвэрлэн ажилладаг. Байгууллагын нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэхийн тулд “Банк оф Чайна”-гаас санаачлан Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн “Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан”-г байгуулж, 6 жилийн хугацаанд 1 сая гаруй ам.долларын хандив цуглуулж, 4500 гаруй Монголын оюутан сурагчдад болон тэдний гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Тус сан маань нийгэмдээ идэвхтэй, чухал байр суурь эзлэх сайн үйлсийн хүч болсон нь Монгол, Хятадын иргэд хоорондын харилцааг нягтруулах суурь болж, Монгол, Хятадын хүмүүнлэгийн харилцаанд шинэ агуулгыг нэмсэн билээ” гэв.


Дай Шингжүн ярилцлагын төгсгөлд “Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь дэлхийн хөгжиж буй чухал орнуудын нэг болж, олны анхаарлыг татсан эдийн засгийн хөгжлийн түвшинд хүрсэн. Монголын дотоодын банкууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлснээр “Банк оф Чайна” ирээдүйд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил болон иргэдийн амьдралыг сайжруулах үйлсэд идэвхийлэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Монгол, Хятадын санхүүгийн салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ. 


Холбоотой мэдээ