Европт хэт хална

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-07-24 12:15:23

ПАРИС. /France24/. Мягмар гарагт Францын Бордо хотод агаарын температур урьд бүртгэгдэж өмнө нь байгаагүй хамгийн өндөр хэмд хүрсэн бөгөөд энэ долоо хоногт Европын орнуудад дахин хэт халах төлөвтэй байна.


Францын Цаг уурын газрын мэдээлснээр, баруун өмнөд нутгийн Бордо хотод агаарын температур Цельсийн 41.2 хэм хүрсэн бөгөөд өмнө нь тус хотод 2003 онд 40.7 хэм хүрч байжээ. Энэ долоо хоногт Бельги, Герман, Нидерланд зэрэг оронд хэт халах төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.


Дэлхийн Цаг уурын байгууллагын /WMO/ хэвлэлийн төлөөлөгч Клэр Наллисын мэдээлснээр, хэт халж буй нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бөгөөд өнгөрсөн зургадугаар сард тохиосонтой ижил үзэгдэл цаашид ойр ойрхон тохиолдох ажээ. Мөн цаг хугацааны хувьд улам эрт болохын зэрэгцээ илүү халуун болох гэнэ.


Хэт халах үзэгдэлтэй холбогдуулан Бельги даяар түгшүүрийн улаан түвшин зарласан байна. Мөн өнгөрсөн сард ойн түймэр дэгдсэн Испанийн Зарагоза бүс нутагт улаан түвшин тогтоожээ. Харин Нидерландад “хэт халалтын үндэсний төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ