Уулын оройд сургууль, цэцэрлэг барьсны улмаас нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-26 10:28:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн XII хорооны 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборыг уулын орой дээр барьснаас болоод хүүхдүүд гэмтэж бэртэх эрсдэл, эдийн засгийн хохирол амсах нөхцөл үүсээд байна. Тус хорооны иргэдийн гомдлын дагуу энэ сарын 25-нд нийслэлийн удирдлагууд нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.  


2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон тус цогцолборт 800 орчим хүүхэд боловсрол эзэмшдэг. Гэвч байршлаасаа болоод авто замгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, хэт налуу тул явган хүн гэмтэж бэртэх аюултай, эцэг, эхчүүд хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхөд бэрх зэрэг орчны тохижилттой холбоотой олон асуудал үүсдэг тухай иргэд удаа дараа гомдол гаргаж буй аж.


Гомдлын дагуу НЗД-ын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын албаны холбогдох албан тушаалтнууд цогцолборын нөхцөл байдалтай танилцав.


Тус хорооноос нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ц.Баатархүү “Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгойлон анхаарах учиртай. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд хөрөнгийг нь шийдэж, сургууль, цэцэрлэгийн барилга барьж орхидгоо болих хэрэгтэй. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэггүй, тухайлбал, эцэг эхчүүд нь машинаа байрлуулах талбай, хүүхдүүд тоглох талбай байгуулдаггүй, стандартаа мөрддөггүйн тод жишээ бол Чингэлтэй дүүргийн XII хорооны 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолбор. Анх төлөвлөлтийн алдаа гаргаад уулын орой дээр барьчихсан. Хүүхдүүд хаана тоглох вэ, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ яаж хүргэж өгөх вэ, цас орвол яах вэ гээд олон асуудал бий.

Буруу төлөвлөлтөөр бүтээн байгуулалт хийснээс үүдээд алдааг залруулахын тулд нийслэлийн төсөв алдагдалд ордог.

Тус цогцолборыг уулын орой дээр барьснаас болоод нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Түшиц ханыг нь барихын тулд 700 сая төгрөг зарцуулсан. Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн орчны стандарт ямар байна вэ гэдэгт нэгдсэн үзлэг, шалгалт хийхгүй бол болохгүй байна. Нийслэлийн удирдлага тухайн цогцолборт үүсээд буй асуудлыг шийдэхээр газар дээр нь ажиллаж байна. Цаашид холбогдох албаныхан аливаа бүтээн байгуулалт хийхдээ газар дээр нь ажиллах хэрэгтэй. Албан тасалгаанаасаа ажил хийснээс болж удаа дараа ийм алдаа гаргах ёсгүй” гэлээ.


Албаны хүмүүсийн хэлснээр газрын байршил нь хэт налуу учир цогцолбор орчимд авто зам барьж болох эсэх нь эргэлзээтэй. Мөн авто зам тавихаар бол ойролцоох айлуудын газрыг чөлөөлөхөөс авахуулаад олон асуудал үүсэх аж. Нийслэлийн удирдлага энэ асуудалд онцгойлон анхаарч эхний ээлжид авто зогсоол байгуулах зураг төсөл гаргана гэв. Түүнчлэн тухайн орчмын иргэдтэй газар чөлөөлөлтийн асуудлаар зөвшилцөх юм.




Холбоотой мэдээ