Х.Баттулгын айлчлал Монгол-АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-26 15:12:40

ВАШИНГТОН. /Washington Post/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх долоо хоногт Цагаан ордонд уулзана.


Цагаан ордны мэдээлснээр, лхагва гарагт болох Х.Баттулгын айлчлал АНУ, Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд голчлон анхаарах ажээ. Монгол Улс нь Орос, Хятадтай хил залгаа оршдог стратегийн чухал байрлалтай орон болохыг уг мэдэгдэлд онцолжээ.


Хоёр орны удирдагчид батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, хууль эрх зүй зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.


Бизнесийн магнат, жудогийн аварга Х.Баттулга болон Д.Трамп нарын уулзалтын өмнөхөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Монгол Улсад айлчилсан юм.


Ж.Болтон Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзахаар өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр тус улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очсон билээ.


Монголын төрийн тэргүүн хамгийн сүүлд 2011 оны зургадугаар сард Цагаан ордонд зочилж байжээ. 

Холбоотой мэдээ