Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо буурчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-31 16:52:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Прокурорын газар энэ оны эхний хагас жилд 202 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 232 хүнийг гэм буруутайд тооцон, 193 хүнд ял шийтгэл оногдуулж, 39 хүнд тэнсэн харгалзах шийдвэр гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулсан ялын төрлөөр авч үзвэл 73 хүнийг хорих, 11 хүнийг торгох, 20 хүнийг нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэсэн байна. Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 21 буюу 8.8, ял шийтгүүлэгчдийн тоо 42 буюу 15.3 хувиар буурчээ.

Үүнээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 81 хэрэгт 89 хүн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан 10 хэрэгт 10 хүн, хүнийг амь насыг бүрэлгэх гурван хэрэгт гурван хүн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зургаан хэрэгт зургаа, хүчиндэх долоон хэрэгт долоон хүн шийтгүүлжээ.

Түүнчлэн, есөн хэрэгт өсвөр насны 15 шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Залилах нэг хэрэгт нэг, хулгайлах гурван хэрэгт зургаа, хулгайлах, залилах нэг хэрэгт нэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нэг хэрэгт хоёр, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурван хэрэгт таван хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн аж.

Өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 12 буюу 57.1 хувиар, шүүгдэгчийн тоо 18 буюу 54.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Гэвч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн өсвөр насны шүүгдэгчийн тоо өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

Мөн өнгөрсөн онд хүчиндэх болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт бага насны болон насанд хүрээгүй хүн хохирсон 11 тохиолдол байсан бол энэ онд хүчиндэх гэмт хэрэгт бага насны хоёр, насанд хүрээгүй гурав буюу таван хүүхэд хохирсон гэж аймгийн Прокурорын газраас мэдээлэв.

 

 

 

Холбоотой мэдээ