УНШИГЧДАД ХҮРСЭН ШИНЭ ШИЛМЭЛҮҮД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-08-01 15:23:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

ХУВИЙН АСУУДАЛ


Дайны дараах Япон орон үнсэн дундаас өндийж, бүх зүйлийг тэгээс эхэлсэн гэдэг. Харин тэр мөчүүдийн зураглал, хүмүүсийн үйл хөдлөл, сэтгэлийн зургийг цааснаа буулгасан орь залуухан бичээч бол Оэ Кензабүро байлаа.  Түүний “Тэжээмэл” тууж нь эзэндээ Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй нь болох Акутагавагийн нэрэмжит шагналыг авчраад зогссонгүй түүний авьяас билэг, бичлэгийн онцгой чадварыг томоохон уран бүтээлчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. 


Харин энэ удаад Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” романыг Монсудар хэвлэлийн компани албан ёсны эрхтэй орчуулан, уншигчдын хүртээл болголоо. Хагас намтарчилсан энэхүү бүтээл нь 1964 онд анх хэвлэгдэн гарсан бөгөөд зохиолчийн бүхий л зохиол, туурвилаас дэлхий даяар хамгийн их алдаршсан нь билээ. 




Тус романд 27 настай, сургуульд байхаас нь эхлээд бүгд л Шувуу хэмээн хочлох болсон бэлтгэл сургуулийн багш залуугийн тухай өгүүлнэ. Эхнэр нь төрөхөөр эмнэлэгт хэвтэж байх зуур Шувуу номын дэлгүүрээс африкийн газрын зураг худалдан авч байгаагаар зохиол эхэлнэ. Эцэг болсон хүний хувьд магадгүй хэзээ ч аялж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч гэлээ тэр Африк руу аялах хүсэлдээ хөтлөгдөн газрын зураг худалдан авч, автомат тоглоомууд бүхий зугаа цэнгээний газраар хэсүүчлэн, харьж явах замдаа нутгийн танхай залуусын зодоон цохионд хүртэл өртөнө. Оэ зохиолч "Хувийн асуудал" романы баатрууддаа энэрэлгүй хатуу хандан, уншигчдад хүний сэтгэлийн гүн харанхуй ёроол, нарийн, ээдрээтэй зөрчлүүдийг хайр найргүй нээж харуулсан байдаг.


НУРУУН ДЭЭРХ ЕРТӨНЦ




Германы “Ровоольт” хэвлэлийн газраас уншигчдад хүрсэн даруйдаа шуугиан тарьсан тус бүтээл нь Томас Меллегийн хамгийн алдартай бүтээлийн нэг билээ. Нөгөөтэйгүүр тус роман нь зохиогчийн хувийн амьдралтай шууд холбоотой. Зохиогч Мелле сэтгэцийн өвчнийхөө талаар үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлэхүйц туурвисан байна. Учир нь ихэнх өвчний түүхүүд ойлгоход бэрх, уншихад уйтгартай байдаг бол энэхүү намтар нь тэс өөр бөгөөд уран зохиолын арга, роман хэлбэрээр бичигдсэн нь онцлог болж чаджээ.


Зохиогч Томас Мелле “хоёр туйлт эмгэг” хэмээх сэтгэлийн хөөрөл, гутралын эмгэгээр олон жилийн турш шаналж буй. Энэхүү бүтээлдээ тэрээр өөрт тохиолдсон үйл явдал болон эрүүл мэнд нь хэрхэн урт удаан хугацаанд сайжирч буй талаараа бичиж, өвчтөний дотор юу болдгийг гайхалтайгаар харуулжээ. Энэ бол нэгэн сүйдсэн амьдралын цагалбар, уран зохиолын өндөр чадамжтай намтар бүтээл юм.


Тус ном нь Мерк компани болон “Гёте институт”-ээс зохион байгуулсан “Хамтын орчуулга” төслийн хүрээн ийнхүү уншигчдад хүрсэн юм. Энэхүү бүтээлийг Азийн 8 орны 10 орчуулагч Томас Мелетэй хамтран өөр өөрсдийн хэлээр орчуулсан байдаг билээ.


ИСПАНИ ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ




Орон орны сор болсон өгүүллэг, туужуудыг уншигчиддаа хүргэж буй “Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүвэр” цуврал энэ удаад “Испани өгүүллэг, тууж”-аар үргэлжилсэн байна. Уран зохиолын бие даасан төрөл болтлоо хөгжсөн өгүүллэг нь анх Дундад зууны үеэс Испанийн уран зохиолд орж ирсэн гэж үздэг. Тиймээс тус номд Испанийн алдартай эмэгтэй зохиолч , эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч Эмилия Пардо Базанаас XXI зууны Испанийн тууж, өгүүллэгийн сор болсон бүтээлүүдийг туурвисан Медардо Фрайле хүртэлх үе үеийн алдартай зохиолчдын гучин зургаан өгүүллэг, туужийг эмхэтгэн зохиолчдын төрсөн он цагийн хэлхээсээр эмхэтгэн оруулжээ.


Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүврийн III дэвтэр болох “Испани өгүүллэг, тууж” номд орсон бүтээлүүд нь даруй зуун жилийн өмнөхөөс эхлээд Испанийн иргэний дайн, дайны дараах нийгмийн сэргэн мандалт зэрэг түүхийн маш урт хугацааг хамарна. Сэдвийн хувьд эгэл хүний бодрол эргэцүүллээс, бүхэл бүтэн нийгмийн үнэт зүйл, бахархал зэрэг өргөн хүрээг хамарч буй нь нийгмийн эгзэгтэй үе бүхэнд өөр өөрийн бүтээлээ туурвиж байсан зохиолчдын шинэ шинэ давалгаанаас бэлхэнээ ялгаран харагдана. “Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүвэр” цуврал өмнө нь “Япон өгүүллэг, тууж”, “Орос өгүүллэг, тууж” зэрэг дэвтрүүдийг гаргасан юм.


ШИВЭГЧНИЙ ҮЛГЭР




Тус зохиол 1985 онд анх хэвлэгдсэнээсээ хойш тайзны жүжиг, дуурь, балет ба дэлгэцийн бүтээл болон гарч утга уран зохиолын салбараас гадна кино урлагт хүртэл ул мөрөө үлдээсэн. 


Сүүлийн жилүүдэд Америкийн Хулу Интертеймент компаниас гаргаж буй "Handmaid's Tale"  цуврал кино нь олны зүгээс ч, кино академийн зүгээс ч ихэд сайшаал хүртэн Эммигийн хэд хэдэн шагналын эзэн болсон. Тухайлбал, энэхүү киноны гол цөм болох Маргарет Этвүүдийн эх зохиол хамгийн шилдэг зохиол нэр төрөлд өрсөлдөж шагналыг хүртсэн бөгөөд тэрээр өөрөө кино зохиол дээр нь хүртэл ажилласан байна.


Энэхүү романы утга санаа сэтгэл хөндүүрлэм агаад уншигчийг урьд өмнө нь төсөөлөөгүй тийм үйл явдлаар хөтлөн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хавчигдуулсан, хүчирхийлэлтэй нийгэмд аваачих болно.


Романы үйл явдлууд шашны фундаменталист, цэргийн дарангуйлалтай "Гилеедийн Бүгд найрамдах улс" хэмээх улсад өрнөх ба тус улсыг өнөөгийн АНУ-ын нутаг дэвсгэрт оршиж байгаагаар дүрсэлжээ. "Шивэгчний үлгэр"-ийн ертөнцөд цөмийн зэвсгийн цацрагт идэвх түүнээс улбаалсан байгаль орчны бохирдлын хор уршгаар үргүйдэл газар авсан тухай өгүүлнэ. Улмаар бие махбодын хувьд үр хүүхэд тээх чадвартай хэрнээ доод гаралтай эмэгтэйчүүд нийгмийн дээд давхаргын гэр бүлд хүүхэд төрүүлэх үүрэгтэй "Шивэгчин" болж хүмүүжнэ. Үүргээ биелүүлэхээс татгалзсан шивэгчинг хатуу хувь заяа хүлээж байх болно...  


Маргарет Этвүүд ярилцлагууддаа "Шивэгчний үлгэрт гардаг эрх мэдлийг хэрэгжүүлэх хүчирхийллийн арга хэрэгслүүд хүн төрөлхтний түүхэнд нэг бус удаа хэрэглэгдэж байсан нь гарцаагүй. Тиймээс нэг бус удаа хүн хүндээ учруулж байсан гай зовлон дахиад ч тохиолдохгүй гэх газаргүй юм" хэмээн ямагт онцлон хэлдэг.


ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ




Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын “Тахлын үеийн дурлал” ном анх нь 1985 онд хэвлэгдэн гарчээ. Энэхүү романаас бид хайрын хамгийн өндөр дээд, хүндлэм байдлыг ч, адгийн, шившигтэй байдлыг ч аль алийг нь зэрэг харна.  Залуусын хайр дурлал, идэр насныхны бас өтөл насныхны хайр дурлалтай бүгдтэй нь таарна. Ихэнх зохиолчид, бүр алдарт зохиолчид ч хүртэл зохиол бүтээлдээ хайрын зөвхөн нэг талыг барьж авах нь элбэг бол Маркес харин “Тахлын үеийн дурлал” романаараа нэг ёсондоо роман хэлбэрээр хүүрнэсэн, хайрын лавлах толийг бүтээсэн юм.


Энэ роман бол зохиолч Габриель Гарсиа Маркесын бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол, цэцэн цэлмэг үг хэллэг болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн илэрхийлэл. “Зуун жилийн ганцаардал” романаа бичсэнээс 18 жилийн дараа, Нобелийн шагналыг хүртсэнээс гурван жилийн хойно уншигч бид түүний ур чадварын охь шимийг дахин амссан нь уг зохиол билээ.


Романы гурван гол дүр Флорентино Ариза, Фермина Даза болон Хувенал Урбино нар уншигчдын нүдний өмнө тун ч бодитоор биежин харагдаж, хуудас эргэх тусам тэдний оршин буй нийгмийн болон газар зүйн бүхэл бүтэн ертөнц бүрэлдэн бий болдог. Агуу уран зохиол гэдэг ямар нэгэн түүхийг хүүрнэх бус, харин бүхэл бүтэн хийсвэр “ертөнцийг” бүтээдэг хэмээн ямагт батлан ярьцгаадаг.


Мэдээж хэрэг, аливаа зохиол бүтээл гэдэг хүмүүний уран сэтгэмжийг өдөөн дэврээж, оюун бодлыг ундруулж төрүүлдгийг ийнхүү зүйрлэн хэлж. Энэ зүйрлэлд үгчилсэн утгаар нь дүйж очих зохиол, зохиолчид байдгийн тоонд Маркес болон түүний “Тахлын үеийн дурлал” эн түрүүнд багтах нь гарцаагүй.

Холбоотой мэдээ