Нуурын гүн рүү хийлдэг гудастай хөвж явсан хоёр хүүхдийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-09 13:11:51

Увс /МОНЦАМЭ/. Хяргас нууранд амарч зугаалж явсан Улаанбаатар хотын харьяат Мөнхбатын Индра, Болорын Цэцээхэй нар зориулалтын бус хийлдэг гудсаар тоглож байгаад эргээс 200 метрийн зайтай нуурын гүн рүү хөвж явсныг аймгийн Онцгой байдлын газрын аврагчид аварчээ.

М.Индра нь дөрөв, Б.Цэцээхэй нь таван настай аж. Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Анхбаяр, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Адъяа нар шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж аварсан байна.

Үер усны улмаас гол, нуур цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч зугаалахдаа болгоомжтой байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав. 

Холбоотой мэдээ