Авлигын гэмт хэрэгтэнд оноох ялыг чангатгах асуудлыг судлах ажлын баг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-02 19:15:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлогыг чангатгах асуудлыг судлах ажлын баг байгуулах захирамж гаргав.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ахлах юм. Харин ажлын багт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтжээ.

Мөн ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд багийг байгуулжээ. Дэд багт Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нар ажиллана.

Холбоотой мэдээ