ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил ирэх зургадугаар сард дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-04-05 16:27:22

ЭМСЯ-ны Төрийн бичгийн дарга С. Ламбаа ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Түүнтэй адил Монгол Улсын хэмжээнд ч хавдрын өвчлөл буурахгүй байна. Манай улсад жил бүр 5500 орчим хүн хорт хавдартай гэж оношлогддогийн 75 хувь нь хожуу үе шатандаа орсон байдаг гэдгийг тус төвийн удирдлагууд хэлж байна.

Ийнхүү эмнэлгийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, өргөтгөлийн барилгыг барих  нь зөв  гэж үзэн Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ХСҮТ-ийн  өртөтгөлийн барилга барих шийдвэр 2011 онд гарч барилгын ажил эхэлсэн ч 2013, 2014 онд улсын төсвөөс ганц ч төгрөг төсөвлөөгүй байна. Харин энэ онд 1 тэрбум гаруй төгрөг төсөвлөж барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа ажээ.

Уг өргөтгөлийн барилга нь А, Б, С блокоос бүрдэнэ. Барилгын А болон Б блокын дотор заслын ажил хийгдэж байна. С блок буюу туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлах бункер нь нэг давхраас бүрдэх бөгөөд одоо цутгалтын ажил хийж байна. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Зүр” компанийханд Төрийн бичгийн дарга С. Ламбаа ирэх зургадугаар сарын 30-ны өдөр гэхэд ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалтай нийт 4 давхар 5200 м2 орчим талбайтай  бүхий барилга юм. Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдрын 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамарвал зохих өвчтөний тал орчмыг л хамруулж чадаж байгаа туяа эмчилгээний шинэ хэсэг болон байнгын хүлээгдэлтэй байгаа хими эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжих юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ