“Хөшөөт хөгжил сан”-гаар дамжуулан орон нутагт хөрөнгө оруулах талаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-07 12:05:13

Ховд /МОНЦАМЭ/. Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлодог "Мо-Эн-Ко" ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Иветт Онг болон албаны хүмүүс орон нутгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар харилцан санал солилцов.

Уулзалтаар Ховд аймаг болон "Мо-Эн-Ко" ХХК-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар “Хөшөөт хөгжил сан”-гаар дамжуулан орон нутагт  хөрөнгө оруулах талаар ярилцлаа.

Цэцэг сумын Хөшөөт багийн айл өрхийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор "Нүүлгэн шилжүүлэх" ажлыг  бүх шатанд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх тухай талууд санал нэгдэв.

Мөн аймгийн удирдлагууд Хөшөөт багийн шинэ сууринд 0,4В-ийн шугам сүлжээ татах ажлыг "Мо-Эн-Ко" ХХК хариуцан гүйцэтгэх, Жаргалант суманд амьдарч буй айл өрхүүдэд зах зээлийн үнээс хямд үнээр олгодог 2500 тонн нүүрсийг  10 мянган тонн болгон нэмэгдүүлэх  зэрэг  хүсэлт гаргав.

Нүүрсний зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан экспортолж буй нүүрсний нэг тонн тутмаас “Хөшөөт хөгжил сан”-д хуримтлуулдаг 0,7 долларыг нэг доллар болгон нэмэгдүүлэх, цаашид коксжуулах үйлдвэр, цахилгаан станц байгуулах зэрэг  ажлыг хамтын ажиллагааны  гэрээнд тусгаж гүйцэтгэх шаардлагатай гэсэн байна.

Хөшөөтийн нүүрсний уурхай өнгөрсөн онд 700 мянган тонн нүүрс экспортлосон бол энэ онд  1,2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ

Тус уурхайд орон тооны 500 ажилтан, тээврийн 23 компанийн  500 гаруй жолооч зэрэг нийт  2000 гаруй хүн ажилладаг. 


 

Холбоотой мэдээ