АНУ Турк улсад анхааруулга өглөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Aljazeera/. Вашингтон-Анкара хоорондын хурцадмал байдал намжаагүй байгаа энэ үед Сирийн хойд нутагт Турк ямар нэг цэргийн ажиллагаа явуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж АНУ анхааруулаад, нэг талыг баримталсан ийм ажиллагаанаас урьдчилсан сэргийлэх яриа хэлэлцээг эрчимжүүлэхээ амласан байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт мэдэгдэл хийхдээ, “Бид курдуудын хяналтад байгаа Евфрат мөрний зүүн нутагт дахь АНУ-ын дэмжлэгтэй Курдын Ардын хамгаалах нэгжийн /YPG/ эсрэг цэргийн ажиллагаа явуулна” гэсэн байна. Турк "YPG"-г террорист байгууллага хэмээн үздэг билээ.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Ази тивийн орнуудын айлчлалын үеэр Токио хот дахь сэтгүүлч нарт ярилцлага өгөхдөө, “Туркийн нэг талыг баримталсан цэргийн үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрөхгүй" гэж хэлжээ.
Мөн тэрбээр, бид энэ асуудлаар Туркийн талтай хэлэлцээ хийхээр ажиллаж байгаа бөгөөд бүтэмжтэй болно гэж найдаж байна хэмээн хэлжээ.