ЗҮРХЭНД МӨНХ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-08-08 17:49:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Хоолой нь бараг л хөгжим болчихсон мэт дуучин олон. Харин зүрх сэтгэл, буй биеэрээ хөгжимд хувирчихсан, зохиосон аялгуу бүр нь сэтгэлийн хамгийн цаад хананд хүрч сонсогддог, тийм зохиолч холхи өндрийн од л гэсэн үг. Түүний сэтгэлгээ, хөгжмийн хэл нь хэн нэгнийх бус зөвхөн Б.Шаравынх. Харин их зохиолч маань “Миний бүтээсэн аялгуу бүр ард түмний өмч” хэмээсэн удаа бий.


Б.Шаравын бүтээл нь дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, “Нобелийн шагнал гардуулах ёслол” болон АНУ- ын “Корнеги холл”, Британын “Альберт холл”, Японы “Сантори холл” зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогдсон юм. Мөн АЖ Ж.Чулуун гуайн "Ардын дуунуудын найруулга"-ын хамт ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн 3 дахь сонгодог хөгжмийн бүтээл болсон билээ.


Тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, Эх орон, Сэтгэлийн эгшиг, Баярын уянга, Аав ээж хоёр минь, Бөртэ хатан зэрэг дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг 20 гаруй киноны хөгжим бичжээ. Энэ бүхнээс харахад монгол үндэсний онцлог бүхий хөгжмийг дэлхийд дансалж үлдээх нь түүний томоохон зорилго мэт харагдана. Гэвч уран бүтээлч маань өөрөө түүнд хүрэх гэж тэгтлээ их хүсээгүй. Учир нь тэр чимээгүйхэн хийж бүтээсээр ахуйд  л “зорилго” нь нэгэнт биелчихсэн байлаа.


Алдарт удирдаач Валерий Гергиевийн хэлсэнчлэн "Тэнгэрийн Симфони" буюу "Хоёрдугаар Симфони”-г 1984 онд Санкт Петербургийн “Сонгодог хөгжмийн их наадам”-ын үед “Бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучид дуулж” бичүүлсэн байдаг. 21 минут 40 секунд үргэлжилдэг уг симфони нь Бетховены "Есдүгээр Симифони"- той эн зэрэгцэхүйц, тэнгэр газар нийлэн үйлсэх байгаль ертөнцийн агуу их хүчийг хөгжмийн ба хүмүүний дуу хоолойгоор хосгүй гарамгай эгшиглүүлсэн гэж үнэлэгддэг бөгөөд өдгөө хүртэл дэлхийн урлаг соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр буй.

СЭТГЭХҮЙН ХӨГЖИМ




Сэтгэхүй өөрөө үгээр загварчлагдсан нь уран зохиол, зураасаар илэрсэн нь уран зураг, барилга байгууламж, дуу авиагаар оршихуйд хувилсан нь хөгжим болно. Гэвч аливаа уран бүтээлч өөрийн үндэстний онцлог, давтагдашгүй хэв загварыг шингээсэн уран бүтээл л ард түмний ёс заншил, өв уламжлал, эх орноо сурталчлан таниулж, алдаршуулдаг билээ.


Үндэсний урлагийн томоохон онцлог бүхий бүтээлүүдэд Б.Шаравын “Симфони 2”, “Ононд хатаагдсан илд”, “Чингис хаан дуурь”, “Уяхан замба тивийн наран |магтуу|” зэрэг олон хөгжмийн аялгууг нэрлэж болно. Эд зөвхөн эх орондоо бус дэлхийд алдартай. Дэлхийд алдарших шалтгаан нь үндэсний хөгжмийн зэвсэг, оюун сэтгэлгээг хөгжмийн шинэ түвшинд гарган илэрхийлж чадсантай шууд холбоотой.


Хөгжмийн хэл гэж ярьдаг учир энэ нь хөгжим амьтай гэдгийн баталгаа. Хөгжим өөрөө амьтай учраас хүмүүс уйлж, уярч, зарим нь хөөрч догдолж сонсдог. Харин тэр бүх зан чанарыг илрүүлэх давтагдашгүй сэтгэхүйн аялгуу бүр Б.Шаравынх. Амьд эгшиг л зүрхэнд мөнх...


СЭТГЭЛИЙН ХӨГЖИМ




“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орж байх үед Б.Шарав зохиолч хөгжмийг “сэтгэлийн, сэтгэхүйн” гэж хоёр ангилсан билээ. Түүний “Гэгээн алсад одох юмсан”, “Сэтгэлийн эгшиг”, “Эхийн сэтгэл шиг” бүтээлүүд үнэхээр л сэтгэл зүрхнээс ундарсан, хөгжим өөрөө зохиолчоор дамжин оршихуйгаа илтгэсэн мэт мэдрэмжийг төрүүлдэг. Өөрийн эрхгүй нүднээс нулимс бөмбөрч, зүрхэнд нэг тийм гэгээн тунгалаг гэрэлтсэн зүйл хүрэх шиг болдог.


Хүн хүндээ дасна гэдэг амархан илэрхийлээд хэлчихмээр зүйл биш. Дассан бүхнээсээ салахын гашууныг Жаргалмаа охины сэтгэлийн гунигаар төлүүлэн гарсгасан “Мартагдсан дууль” гэж кино бий. “Сэтгэлийн эгшиг” бол тус киноны хөгжим гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Тэгэхээр энэхүү хөгжим гунигийн аялгуу юу? Ямартаа ч Б.Шарав зохиолч амьд сэрүүн үедээ “Сэтгэлийн эгшиг”-ийг эмгэнэлийн хөгжимд ашиглахад дургүй, би энэхүү хөгжмийг ханьдаа зориулж бичсэн гэж хэлсэн удаатай. Тэгвэл энэ нь хувь уран бүтээлчийн бодол, үнэнтэй нүүр тулах агшны илэрхийлэл, тайтгарал, хайрын хөгжим болж таарна. Мэдээж бодол нэрж, сэтгэлээс ундарсан эгшиг гарцаагүй мөн.


Б.Шарав бол эгэл малчин ардын хүүхэд. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат. Цэнхэрийн голын зүлгэн дээгүүр хөл нүцгэн гүйж, балчир ахуйдаа зуны тунгалаг агаар дундуур эрвээхэй хөөж гүйсэн, ангирын зулзага ээрч тоглосон хүүхэд насных нь дурсамж сэтгэлийн гүнд нь хадаатай явсан биз. Аав Бямбасүрэн нь монгол гутал урладаг, ээж нь үлгэр, оньсого ярих дуртай, дуу хууртай тун ойрхон хүн байж. Тиймээс ч уран бүтээлч хүний зан чанар түүнд өвлөгдсөн гэдгийг Б.Шарав зохиолч цаг ямагт бодож явдаг байв.


Цэнхэрийн голын хөндий гэж холын бараа нүдэнд дүүрсэн сайхан газар бий. Жаргалтхаан сум хайрхан уулынхаа энгэрт их талын уудам цэлгэр рүү харан тогтсон байрлалтай. Тэр л сайхан нутгийн хүү “Наадмын дэнж”, “Сэрсэн тал” зэрэг бадрангуй өнгө, яруу сайхны хослолоор өрөгдсөн аялгууг бичиж үлдээжээ.


Яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Өнө мөнх орон” гэж шүлэг бий.


Та харцанд ч мөнх...
Цэв цэнхэр нутаг минь
Цээжний гуниг арчих
Цэвэр ялдам салхин минь
Салхины орон...

Та зүрхэнд мөнх...
Харцанд мөнх...
Зүүдэнд ч мөнх... хэмээсэн байдаг.


Энэ сайхан шүлэг дуу болсон. Л.Өлзийтөгсийн шүлэг дуу болох нь их ховор. Гэтэл уг шүлэг Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”-тэй их ч сайхан зохирсон. Бүтээл өөрсдийн гэсэн амин сүнстэй байдагт анх удаа итгэсэн минь энэ. 


Тухайн сар болгоны 15-ны өдөр надад ер бусын санагддаг. Ямар нэгэн гэрэлтэй учрал эсвэл өр зурах гунигт явдлын аль нь ч тохиолдсон байлаа тийм нэг онцгой сэтгэгдэл төрүүлдэг байв. Учир нь 9 сарын 15 –ны өдөр ээж, аавын ганц хүү, эгчийнхээ хайртай дүү нь болж орчлонд иржээ. Харин өнгөрсөн 7 сарын 15-ны тэр л өдөр цахим орчинг дүүргэсэн нэгэн эмгэнэлт мэдээг олж уншив. “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав таалал төгсчээ”.


Түүнтэй очиж уулзах зам Улаанбаатарын хэдхэн гудамны цаана байсан ч одоо бол алсын алс бөгөөд хэзээ ч хэн нэгний хөл хүрэхгүй биз ээ. Гэрт нь цуг суугаад халуун яриа дэлгэж, хуурын товчлуур дээр хуруу нь ямархан тансаг аялгуу хүүрнэж буйг харах боломжгүй ч гэлээ түүний зүрхнээс нь гарсан эгшиг бүр зүрхэнд мөнх үлдэнэ.

 

Холбоотой мэдээ