Манхан, Дөргөн сум дахь бөхөнгийн популяци хоорондын шилжилт хөдөлгөөн нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-11 12:48:54

Ховд /МОНЦАМЭ/.Ховд аймгийн Манхан суманд цөөхөн тоотой нутагшиж буй бөхөнгийн суурьшил, популяци амьдрах орчин Дөргөн сумын Дөргөний хүрэн тал, Хүйсийн говийн популяциас олон  жилээр тусгаарлагдан оршиж иржээ.

Харин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бөхөн хамгааллын талаар сүүлийн 10 гаруй жилд хэрэгжүүлсэн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бөхөнгийн тоо толгой өсөж Дөргөний хүрэн талаас Манхан сумын популяци руу нэвтэрч, тусгаарлагдсан популяцийн тоо толгойг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цус сэлбэлт явагдаж байна

Бөхөнгийн популяци хоорондын шилжилт  хөдөлгөөн хийдэг  гол  замын нэг нь Жаргалант хайрхан, Бумбат хайрхан уулыг холбон оршдог Хөтөл ус гэх газар аж. Хөтөл усыг дамнан нааш цааш яваа бөхөнг нэг бус удаа бүртгэсэн гэж ДБХС-гаас мэдээлэв.  

Сүүлийн жилүүдэд  идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэл зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Монгол бөхөнгийн популяцийн өнөөгийн байдал устаж үгүй болох, тоо толгой буурах хандлага ажиглагдаж  байгаа аж.

Гэхдээ Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бөхөнгийн нүүдэл, эзэмшил нутгийг нарийвчлан тогтоох, популяцийн эмзэг байдлын үнэлгээний суурь мэдээлэл бүрдүүлэх зэрэг судалгааны ажил хийж, бөхөнгийн тоо толгойг  нэмэгдүүлэх, хамгаалах чиглэлээр идэвхтэй  ажиллаж байна.

Хамгийн сүүлд бөхөнгийн тархац нутгийн хүрээнд хийсэн судалгаагаар 3000 орчим толгой бөхөн нутагшиж байгаа нь тогтоогджээ.

Дашрамд сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд дэлхийд нэн ховор монгол бөхөнг аврахаар өнгөрсөн өвөл төлөвлөгөөт олон ажил хийсний нэг нь биотехникийн арга хэмжээ байв.

Энэ ажлын хүрээнд бөхөнгийн байршдаг тодорхой газруудад өвс тавьсан нь үр дүнд хүрсэн аж. Өмнө нь зориудаар тавьсан өвсийг бөхөн  иддэггүй байсан бол энэ өвөл тавьсан өвсийг идэж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой харагджээ.  

Холбоотой мэдээ