“Хүүхдийн овоо”-г ариун шүтээний газар хэмээн дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-12 09:17:36

Дорнод/МОНЦАМЭ/ Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, Дорнод аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборын өлмийд орших “Хүүхдийн овоо”-г Түүх,  археологийн хүрээлэн ариун шүтээний газар хэмээн дүгнэжээ. Тус газрыг олон нийтэд танилцуулах “Хүүхэд эрдэнэ” арга хэмжээ энэ сарын 8-нд тус аймгийн Халхгол суманд болов. 

“Хүүхэд эрдэнэ” арга хэмжээнд тус аймгийн 13 сумын 200 гаруй хүүхдийн дунд бэсрэг наадам зохион байгуулж, дааганы уралдаан, сурын харваа, хүүхдийн барилдаан, шатрын тэмцээн болжээ. 


Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн уг газарт өнгөрсөн жилээс малтлага, судалгаа хийж, энэ оны 6 дугаар сарын 15-аас 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд нарийвчилсан судалгааг дахин явуулсан байна. Судалгааны дүгнэлтэд “Хүүхдийн овоо” хэмээх 17 овоо нь бурхадын суурь, сэнтий байсан хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй, Манал бурхны танка зургийн хувилбарыг бодит байдлаар хийсэн Ариун шүтээний газар хэмээн дүгнэлт гарчээ.

Мөн 2018 оны сорилын малтлагаар олдсон модны нүүрснээс авсан дээжийг Япон улсад шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд ойролцоогоор 257 жилийн өмнө буюу 1633-1669 оны үед холбогдох үр дүн гарчээ.

Холбоотой мэдээ