Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-08-12 12:11:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ялласан гэх хэрэгт холбогдсон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын шүүх хурал Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үргэлжилж байна.


Эл хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд тус шүүхэд болсон ч Б.Хурц нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг шүүх хүлээн авснаар өнөөдрийн хүртэл хойшлуулаад байв. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Ц.Амгаланбаатарыг хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг нь шүүхээс үндэслэл бүхий гэж үзжээ.


Б.Хурцын хамтаар есөн хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж, хориглосон ажиллагаа явуулсан, Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасанд тооцон буруутгаж байгаа юм.


Шүүх хуралдаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судлах Түр хорооны гишүүд оролцох хүсэлт гаргасан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ажиглагч гэсэн статус байдаггүй аж.  

Холбоотой мэдээ