“Уулын дугуйн анхдугаар буухиа тэмцээн-2019” Ховд аймагт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс Булган сумын чиглэлд “Уулын дугуйн анхдугаар буухиа тэмцээн-2019” болж байна.
Тэмцээнийг Ховд
аймгийн “Монгол Алтай”
дугуйн холбооны санаачилгаар ЗДТГ, ГХБХБГ,
Цагдаагийн газар, “Эрдэнийн шим” ХХК зэрэг байгууллага хамтран наймдугаар
сарын 13-наас 15-ныг хүртэл зохион байгуулж буй.
Дугуйн спортыг
иргэд, олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыг тус спортод татан
оруулах, өв тэгш хүмүүжил олгох, эрүүл саруул ирээдүй хойч үеийг бэлтгэх нь тэмцээний зорилго аж.
Буухиа ба кросс гэсэн хоёр төрлөөр явагдаж буй тэмцээнд Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн гурван
аймгийн найман багийн тамирчид оролцож байна.
Баг тус бүр таваас зургаан гишүүнтэй бөгөөд Ховд аймгийн төвөөс Булган сумын чиглэлд нийт 480 км зайд уралдаж, шилдэг баг тамирчдыг шалгаруулна. Уралдааны явцад 60 км тутамд дөрвөн цэг байгуулжээ.
Тэмцээний шүүгчээр
дөрвөн хүн ажиллаж байгаа ба тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах
зорилтын хүрээнд эмч, холбогдох
мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
Ховд аймгийн "Монгол Алтай" дугуйн холбоо нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд
одоогоор 200 гаруй гишүүнтэй. Дугуйн холбооны ерөнхий
дасгалжуулагчаар Д.Цэрэндорж ажилладаг бөгөөд 11 тэргүүлэгч гишүүнтэй.
Энэ удаа унадаг дугуйны холын буухиа тэмцээнийг орон нутагтаа анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд цаашид аймгийн “Монгол Алтай” дугуйн холбооноос "Ховд open 4x108” дугуйн уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.

