“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийн оролцогчдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-08-14 10:44:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа.


Уг төслийг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин оролцож байгаа юм.


Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, "Монгол орны маань онгон зэлүүд байгаль, нүүдэлчин ард түмний минь аж амьдралын өвөрмөц хэвшлийг, нийслэл хотын маань уламжлал шинэчлэл хосолсон өнгө төрхийг гэрэл зургийн хальсандаа буулгаж, өөр өөрийн улс орныхоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сурталчлахаар хүрэлцэн ирсэн та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн юм.


Хөтөлбөр нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг болоод нийслэл хотын өнгө төрхийг олон улсад эергээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэх зорилготой юм. Оролцогчид энэ сарын 12-21-нд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)- Дорнодын (Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд аялах юм.

Холбоотой мэдээ