Филадельфид гал нээсэн этгээд цагдаа нарт бууж өгөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-15 09:21:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. Лхагва гарагт АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотын хойд хэсэгт үл таних этгээд цагдаа нар руу гал нээжээ. Цагдаа нар уг этгээдтэй хэлэлцээ хийхийг оролдож байгаа боловч амжилт олоогүй байна гэж хотын цагдаагийн дарга Ричард Росс хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснийг Америкийн телевизийн сувгууд шууд дамжуулав.


“Бид энэ эрэгтэйтэй хэлэлцээ хийхийг оролдож байна, нөхцөл байдлыг тайван замаар шийдэж чадна гэж түүнд тайлбарлахыг хичээж байна. Бид түүн рүү олон удаа залгасан боловч тэр хариулаагүй” гэж тэрбээр мэдээлжээ.


Цагдаагийн даргын хэлснээр, “сэжигтэнд хамаатан садангаар нь дамжуулан нөлөөлөхийг оролдсон боловч амжилтгүй болсон байна”. Цагдаа нар гал нээсэн этгээдтэй утсаар, чанга яригчаар, болон бусад аргаар холбогдохыг оролдож байгаа аж.


Уг этгээд хүмүүсийг барьцаалсан байж магадгүйг цагдаагийн дарга үгүйсгээгүй юм. Гэхдээ тэрбээр энгийн иргэдийг эсвэл гал нээсэн этгээдийн нуугдаж буй байшингаас гарч чадахгүй байгаа цагдаагийн хоёр ажилтныг барьцаалсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Гал нээсэн этгээдийн байгаа байшинд хоёр цагдаа орсон боловч гарч чадахгүй байна гэж Росс урьд нь мэдээлжээ. Үл таних этгээдийг гал нээх үеэр цагдаагийн долоон ажилтан шархаджээ.


Холбоотой мэдээ