Монголын говь нарны энергийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-04-06 12:08:37

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форум өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэллээ.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос зохион байгуулах болсон салбарын уламжлалт албан ёсны хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг хэлэлцдэг байна.

Тус форумаар, Сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлүүд, бие даасан хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих, сүлжээнд холбогдон ажиллах эх үүсвэрүүдэд үүсч буй техникийн болон санхүүгийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжууд, хяггаарлагдмал хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх технологийн шийдлүүд зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ удаагийн VII форумын хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулж, хэлэлцүүлэг явуулах юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн хамтран зохион байгуулж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форумын нээлтэд оролцов. Үндэсний форумыг Улсын Их Хурлын дарга нээж үг хэлэхдээ, “Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд нар, салхи, ус, газрын гүний дулааны нөөцөө ашиглан 2.6 тера ваттын чадалтай эх үүсвэр байгуулах боломжтой гэж судлаачид тогтоожээ. Тухайлбал, 2001 онд АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори болон монголын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан Монгол орны салхины нөөцийн атласт Монгол орны нийт газар нутгийн 10 гаруй хувь нь салхины арвин нөөцтэй бөгөөд энэхүү нөөцөө ашиглан 2.5 сая Гвт.ц цахилгаан үйлдвэрлэх боломжтойг тогтоосон. Мөн жилийн 270 хоногт цэлмэг, нартай Монголын говь нь нарны энергийн нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Энэ бүхнээс үзвэл Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их ирээдүй бий. Бид эрчим хүчний бие даасан байдлаа нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлээ хүчтэй тэлэхэд сэргээгдэх эрчим хүч чухал ач холбогдолтой. Өнөөдөр манай эрчим хүчний системд суурилагдсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ нь 8 хувь байна. Ойрын 5 жилд, нийт 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нарны болон салхины эрчим хүчний 10 гаруй төсөл хэрэгжсэнээр бид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 600 МВт-аар нэмэгдүүлнэ. Монгол Улсын хувьд эрчим хүчний экспортын гарцыг нээн, үүнд сэргээгдэх эрчим хүчийг оруулж өгөх нь чухал болоод байна. Мөн эрчим хүчний зах зээлээ хурдтай хөгжүүлэхийн тулд хөрш орнуудтайгaa илүү нягт хамтран ажиллах зорилт тавьж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд цахилгаан эрчим хүч экспортлож, импортлох тухай яриа эрчимжиж, хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр байгуулах ажлууд тус хоёр орны Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагуудын түвшинд амжилттай явагдаж байгаа гэв. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчинд том дэвшил гарч байгааг дурдаад, сэргээгдэх эрчим хүч нь манай оронд шинэ хөгжиж буй салбар тул Монголын боловсон хүчний хөгжилд онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форумын нээлтэд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар оролцон, форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форумд гадаад улс орны төлөөлөгчид болон албаны хүмүүс, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөл бүхий 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

Д.Өлзий  

Холбоотой мэдээ