Үргэлжлэн орсон бороо хадлан бэлтгэх ажилд хүндрэл учруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-19 17:19:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймаг 2019 онд малчдын түвшинд 63000 тонн өвс, 6310 тонн гар тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Иргэд энэ сарын 01-нээс хадланд гараад байгаа ч бороо их орж байгаа нь хадлан бэлтгэх ажилд хүндрэл учруулж байна.

Хадлангийн бүс Ногооннуур суманд үргэлжлэн орсон борооны улмаас усны түвшин нэмэгдсэнээр иргэд одоог хүртэл хадландаа бүрэн гарч чадахгүй байгаа аж.

Харин Цэнгэл сумын Харгантын гол эргээсээ хальж хадлангийн талбай усанд автах, хадсан өвс хатахгүй чанар муудах, улмаар ургац алдах зэрэг бэрхшээлтэй тулгарч буй. Ийм бэрхшээл Толбо суманд тулгарч байгааг сумын Засаг дарга Ш.Сабит мэдээллээ.

Малчдын ярьснаар Баян-Өлгий аймгийн нутгаар энэ зун бороо хуртай байсан ч хадлангийн гарц сайнгүй байна. Үүнээс үүдэж аймагт өвсний үнэ нэмэгдэж, нэг машин өвс 500 мянган төгрөг болон өсчээ.

Дашрамд дурдахад 2018 оны намар малчид 63,4 мянган тонн хадлан бэлтгэж байжээ. Харин өвөлжилт хүндэрсэн үед Улсын нөөцөөс 550 тонн өвс, 450 тонн тэжээл, орон нутгийн өвс тэжээлийн Аюулгүйн нөөцөөс 120 тонн өвс, 200 орчим тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нэмж тараасан байдаг. 

Холбоотой мэдээ