“Эрдэнэс Монгол” ХХК хамтран ажиллах боломжоо хөрөнгө оруулагчдад танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-20 17:03:01
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хуралын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүд болон хамтран ажиллах боломжуудаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” компани алт, зэс, мөнгө, нүүрс уран, газрын тос, байгалийн хий зэрэг эрдсийн төрөлжүүлэлтээр үйл ажиллагаа явуулж,  нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 

БНХАУ-ын Стэйт Грийд корпорацитай хамтран Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 мВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугмаар БНХАУ-д экспортлох цогцолбор төсөл юм. Мөн охин компани болох “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан нэмүү өртөг шингээх Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих төсөл болон алт, мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм. Ингэхдээ олон улсын компаниудтай хайгуулаас эхлээд цэвэршүүлэх хүртэлх бүх шатанд хамтран ажиллах боломжтойг онцоллоо.


"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү: "Бидний хувьд стратегийн томоохон ордуудыг ашиглахаас гадна энэ ордуудыг дагасан дэд бүтцийн, эрчим хүчний, зам тээврийн, логистикийн нэмүү өртөг бий болгох энэ чиглэлд ажилладаг. Тухайлбал, бид хүрэн нүүрсээ эрчим хүч болгон нэмүү өртөг шингээн БНХАУ болон Зүүн Хойд Азийн бүс нутагт экспортлох “Шивээ-Энержи” төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл маань  нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчний компонент орсон төсөл гэж ойлгож болно. Түүнээс гадна манай охин компани "Эрдэнэс Стиль" БНХАУ-ын компанитай хамтран 300 мянган тонн ганн үйлдвэрлэх, 500 мянган кокс үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж байна. Цаашид бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон төсөлд Монголын талаа төлөөлөн оролцоно гэсэн чиглэлийг Засгийн газрын зүгээс өгсөн. Засгийн газрын зүгээс саяхан Багануурын уурхайн лицензийг бидэнд өгсөн. Үүнийгээ ашиглан нэмүү өртөг шингэсэн хийн станц барих, хүрэн нүүрсээ боловсруулан экспортлох зэрэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр бид алтаа олборлоод гадагш нь гаргадаг бол Монголдоо алтны үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээх төсөл байна. Метаны хайгуулын төслийг бид Австралийн хөрөнгө оруулагчтай хамтраад ажиллаж байна. Тавантолгой орд бол метаны их хэмжээний нөөцтэй гэдэг. Үүнийг ашиглан нөөцөө тодорхой болгоод ТЭЗҮ гарсны дараа эрчим хүчний эх үүсвэр болгож, утааны асуудлыг шийдэх боломжтой. Энэ төслөө бид хөрөнгө оруулагч нарт санал болгож байгаа юм" гэлээ.

 

Холбоотой мэдээ