"Баатарван транс" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоов

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-20 20:39:46

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Баатарван транс" ХХК-ийн үйл ажиллагааг сумын Засаг даргын захирамжаар  зогсоолоо.  

Энэ сарын 18-ны 21 цагийн орчимд Гурвантэс сумын Гүн гэх газар байрлах "Баатарван транс" ХХК-ийн ажилчид болон нутгийн иргэдийн хооронд зөрчилдөөн үүссэний улмаас 15 хүн гэмтсэн юм. Тиймээс дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж энэ шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хянан шалгах Ажлын хэсгийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах хүртэлх хугацаанд түр зогсоожээ. Харин нутгийн иргэд тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсээр байна. 

Дашрамд дуулгахад уг компани нь нутгийнхны хэлж заншсанаар тэсийн улаан чулууг олборлон урд хөрш рүү гаргадаг юм. Компани 2017 оноос 2047 он хүртэл 30 жилээр ашиглалтын зөвшөөрөл авсан байна.