Мянгад сумын Соёлын төвийг МУГЖ, нэрт лимбэчин М.Бадамын нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-21 11:42:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын соёлын төвийг МУГЖ, нэрт лимбэчин Магсаржавын Бадамын нэрэмжит болголоо. 

Энэ үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж болон сумын удирдлага, нутгийн иргэд, гавьяат жүжигчин, нэрт лимбэчин М.Бадамын үр хүүхэд, ач зээ, шавь нар  оролцож хүндэтгэл үзүүлэв.

Ховд аймгаас төрөн гарсан хамгийн алдартай лимбэчин бол  МУГЖ Магсаржавын Бадам юм.

М.Бадам нь 1943 онд Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Алтайн эх” гэдэг газар төржээ. Тэрбээр дөрөвдүгээр анги төгсөөд Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Цэрэндоржид шавь орсноор лимбэ хөгжмийн урлагт суралцах болов. 1952-1962 онд бага, дунд сургууль, 1962-1966 онд Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөж хөгжимчин болжээ. 1966-1992 онд УАДБЧ-д хөгжимчин, 1992-1994 онд Халимаг улсад багш, хөгжимчнөөр, 1994 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байсан. 

Тэрбээр урлаг соёлын салбар, тэр дундаа лимбэ хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад зааж сургах, залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй дэлхийн 20 гаруй оронд лимбэ хөгжмийн гоцлол тоглолт хийжээ. Мөн “Хан хөхийн уянга”, “Жавахлант сүрэг” зэрэг  лимбэний гоцлол ая,  “Эрх ишиг”, “Шигширэгт” гэх зэрэг бүжгийн ая зохиосон байна. 

Үүнээс гадна багш Л.Цэрэндоржтой хамтран лимбэ хөгжмийн  анхны сурах бичиг туурвисан. Мөн лимбэний цагирган битүү амьсгаа арга барилыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан тухай албаныхан онцлон хэллээ. Түүний хөдөлмөр  зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 1991 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгосон аж.  

Мянгад сумын Соёлын төвийг гавьяат жүжигчин, нэрт лимбэчин М.Бадамын нэрэмжит болгосноор түүний намтар, бүтээл туурвилыг иргэд олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил өргөжинө. 



Холбоотой мэдээ