М.Аминаа: Ирсэн үзэгч ямар нэг сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр лекцийг өндөрлөхгүй

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-08-21 12:44:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОХУ-ын Санктпетербург хотын И.Е.Репиний нэрэмжит академид суралцахаар явах гэж буй урлаг судлаач М.Аминаатай ярилцлаа. Тэр Төрийн шагналт, Ардын уран зураач Ү.Ядамсүрэнгийн зээ охин бөгөөд тун удахгүй, Монголд анх удаа гэсэн тодотголтойгоор “Синдром арт-шоу лекц” тавих гэж буй билээ.


-Ирэх сарын эхээр “Арт-Шоу лекц” анх удаа зохион байгуулахаар ажилдаа орсон гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу?


-Хүмүүс “лекц” гэдэг үгнээс их айдаг. Энд тэндхийн албан газрууд, сургуулийн байгууллагуудын яриа хэлэлцүүлгээс болоод ч тэр үү лекц тавина гэхээр л нэг тийм уйтгартай, хүнийг унтуулдаг, сунжирсан яриа болох мэтээр төсөөлдөг. Яг үнэндээ лекц гэдэг маань зажилсан будаа гэсэн үг. Маш их уншсан, судалж мэдсэний үндсэн дээр олж авсан мэдлэгээ багахан хугацаанд олон санаа сэдлүүдийг хүнд хэлж өгдөг. Тиймээс лекцийг тухайн сонсогчдыг уйдаахгүйгээр тавих олон янзын арга бий.


Тийм болохоор урлагаас хөндий аж төрдөг тэдгээр хүмүүс урлагийн тухай ойлголтыг энгийн, сонирхолтойгоор хүргэх нь “Арт-Шоу лекц”-ийн маань гол зорилго байгаа.


-Яагаад заавал Ван Гог, Дали, Фрида нарыг сонгож авах болсон бэ?


-Би хоёр жилийн өмнөөс “лекц” уншсан. Хамгийн эхэнд энэ удаад сонгож авсан гурван суутны тухай “Шар хадны өвчтөн зураачид” гэдэг нэртэй лекц тавьж байсан. Харин одоо бол тэдний тухай улам ихийг сурч мэдсэн. Тиймээс мэдсэн сурсан бүхнээ анх ярьж байсан суутнууд дээрээ дахин туршиж, тэдний талаарх мэдлэг боловсрол минь улам ихээр баяжиж өргөжсөнийг хүмүүст таниулахыг хүссэн.


Нөгөөтэйгүүр энэ гурван суутан маань өөрөө уран бүтээлчийн асар баялаг намтартай, адармаатай амьдралыг туулсан байдаг. Уудалж яриад барагдашгүй асар олон зүйл тэдний дотоодод бий. Хэтэрхий харгис гэмээр нийгэмд хүн хүнээрээ, уран бүтээлчээрээ үлдэж болохыг уран зургаараа дамжуулан хэлж өгсөн байдаг болохоор сонгож авсан.


-Яг одоо нийгэмд стресс, бухимдал маш их байна. Тиймээс урлагийн иймэрхүү үйл ажиллагаа олшрох ёстой гэж боддог уу. Барьж авсан сэдвүүд тань маш гүнзгий агуулгатай шүү дээ?


-Тэгэлгүй яахав. Хүмүүс урлагийг ойлгож судлаагүй, өдөр бүхэн урлагаас таашаал авдаггүй болохоор өнөөгийн нийгэмд стресс, асуудал их байгаа гэж боддог. Би лекцээ тавихдаа сахилгагүйтэж, өөрийнхөөрөө байдаг. Тэр нь хүмүүст хөгжилтэй, гэгээлэг зүйлсээр дүүрэн цаг мөчүүдийг бэлэглэх гэсэн санаа юм.


-Энэ удаагийн лекцийн тань гол онцлог юу вэ?


-Энэхүү арт шоуны гол онцлог хэдийгээр Өрнийн урлаг, уран зураачдын талаар өгүүлж байгаа боловч яг одоогоор бусад орнуудтай адилхан бүтээн туурвиж яваа хөгжингүй Монгол Улсын маань уран бүтээлчид тэдгээр суутнуудын бүтээлийг хэрхэн хүлээн авч, хэрхэн илэрхийлж байна вэ гэдгийг онцолсон байгаа.


Мөнхүү лекцээ маш том цогц ажил болгохоор төлөвлөсөн. Модерн балет, мексик бүжиг зэргийг тоглуулж, модерн арт уран зургийн үзэсгэлэн гаргана. Мэдээж үзэсгэлэн нь Ван Гогтой холбоотой, мексик бүжиг нь Фрида, модерн балет нь зүүдийг амилуулагч зураач Далитай холбогдох юм. Мэдээж зөвхөн мексик үндэсний бүжгийг хуулаад тайзан дээр бүжиглэхгүй. Фридагийн дотоод ертөнцийг “Анима” сургуулийн зураач охид өөрсдийнхөө хэрхэн ойлгосныг бүжгийн хэлээр харуулах юм. Мөнхүү “soundrt” дээр “Моханик” хамтлагийн гитарчин гэдгээрээ хүмүүст танигдсан Даваа ажиллаж байгаа. Тиймээс тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээрээ ганцхан лекц сонсоод өнгөрөхгүй, урлагийн бүхий л салбараас таашаал авах боломжтой.


-Өмнө нь Амина нэг газарт зөвхөн лекц уншаад өнгөрдөг байсан бол энэ удаад урлагийн цогц үйл ажиллагаа зохион байгуулж буйгийн онцлог нь юу вэ?


-Би удахгүй Санктпетербург хотын И.Е.Репиний нэрэмжит академид дүрслэх урлагийн чиглэлээр магистр хамгаалахаар явах гэж байгаа. Би хоёр жилийн өмнөөс лекц уншиж эхэлсэн үзэгчдээсээ олон зүйлийг сурсан. Түүнээс өмнө өөрийн сурсан мэдсэн бүхнээ бататгахыг зорьж энэхүү “Арт-Шоу-Лекц”-ийг зохион байгуулахаар болсон. Нөгөөтэйгүүр илүү олон хүнд хүргэхийг хүссэн учраас цогц арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн.




-Тоглолтын бэлтгэл хэдэн хувь хангагдсан байна вэ?


-Бид нар ямар нэг ивээн тэтгэгч байгууллагагүйгээр “бор зүрх”-рээ тус ажлыг зохион байгуулж байгаа. Манай найз урлаг судлаач Батчимэг гэдэг охин хамтран ажилласан. Яг одоогоор бэлтгэл ажил 50-60 хувь нь хангагдсан.


-Мэдээж тус “Арт-Шоу лекц”-ийн ард том баг ажиллаж байгаа болов уу. Тэр талаар яриач?


-Тэгэлгүй яахав. Манай дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн зураачид, захирал Булган, ахлах багш Бархүү болоод бусад оюутан зураач ажиллаж байгаа. Мөнхүү “Моханик” хамтлагийн гитарчин Даваа, УДБЭТ-ын балетчин Төгөлдөр, “Корпорейт конвешн центр”-ийн захирал Ганболд ах залуучуудыг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа. Ерөнхийдөө энэхүү “Арт-Шоу лекц”-ийг “Корпорейт конвешн цэнтр”, “Анима” арт студ хамтран зохион байгуулж байна.


-Бэлтгэл ажлаас харахад үзэгчид хэрхэн хүлээж авах бол. Тэр тухай бодож үзсэн үү?

-Аливаа зүйлийг чинээнд нь хүртэл зохион байгуулахыг байнга эрмэлздэг. Тиймээс манай лекцэд хүрээд ирэхэд нэг бол уур бухимдалтай эсвэл урлагийг хайрлах асар их сэтгэлтэй болоод гарна. Ямартаа ч ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр лекцийг өндөрлүүлэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Бусдаар сайн хэлж мэдэхгүй байна.


-Урлаг өрөө асар том цар хүрээг хамардаг шүү дээ. Яагаад заавал уран зургийн салбарыг сонгох болсон бэ?


-Багаасаа уран зургийн дунд өссөнтэй минь холбоотой. Миний өвөө Ардын уран зураач Ү.Ядамсүрэн гэж хүн байсан. Ээж Я.Булган маань ч мөн зураач хүн. Гэхдээ гол нь уран зураг, архитектур, баримал гээд дүрслэх урлагийн бүхий л салбарт өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг. Нөгөөтэйгүүр уран зургийн тухай судалгаа Монголд жаахан орхигдсон, энэ салбар маань бусад салбарыг бодвол хүмүүсийн анхаарлаас хол байдаг юм шиг санагдсан. Тийм ч учир уран зургийг судлах, хэрхэн унших талаар лекц ордог болсон.


Эртний Ромын нэг мэргэн үг байдаг. “Гуталчин хүн гутлаа засах ёстой, Үсчин хүн үс засах ёстой”. Яагаад гэвэл тухайн үед хүмүүс ажил хийж, улс орноо хөгжүүлэхээс илүүтэй хэт философи, улс төр ярьдаг байсан болохоор ардынх нь дунд тийм үг гарсан хэрэг. Ийм учраас би өөрийн хийж чаддаг зүйлдээ улам боловсрохыг, мэддэг зүйлээ хүмүүст хүргэхийг хичээдэг. Нэг л зүйлийг тултал нь хийх ёстой гэсэн зарчим баримталдаг.


Уран зургийг судална гэдэг зөвхөн зургийн будаг, зурагдаж буй үйл явдлыг судалдаг асуудал биш. Үүн дотор сэтгэлзүй болоод түүхийн шинжлэх ухаан орж байгаа. Археологи ч мөн нэмэгдэнэ. Ийнхүү олон шинжлэх ухааныг хамарсан байдаг учраас ихээхэн сонирхол татдаг. 19 дүгээр зууны имперсионист зураачид гэхэд л саяхан анагаахын шинжлэх ухааны нээж илрүүлсэн харааны оптик хуулийг аль дээр үед уран зургаар нээгээд илрүүлчихсэн байх жишээтэй.




-Лекц уншихдаа ихэвчлэн гадаад зураачдын бүтээлүүдийг сонгож авдаг шүү дээ. Гэтэл манай Монголд ч бас олон сайхан ардын зураач, шинэ уран бүтээлч олон байдаг. Сонголтынхоо талаар ярихгүй юу?


-Хүн хамгийн ойр дотно, сайн мэдэх зүйлсээ илэрхийлж гаргахаас халширдаг, илүү болгоомжтой ханддаг. Мэдээж Монголын урлаг судлалыг хөгжүүлж байсан олон сайхан багш, эрдэмтэн байдаг. Гэтэл энэ төрлийн судалгаа миний угсаа гарвалтай холбоотой, ойрын зүйл учраас дахин өөрийгөө хөгжүүлж, сайтар боловсруулж, асар их цаг хугацаа зарцуулсны дараа илэрхийлнэ гэсэн алсын зорилго л тээж явна. Одоохондоо өөрийгөө голж байгаа.


-Лекц тавих гурван зураачийн сонирхолтой амьдралын нэгээхэн хэсгээс уншигчдадаа сонирхуулж болох уу? Эхлээд Ван Гогын тухай ярих уу?


-Ван Гог чихгүй зураач гэдгээрээ ихээхэн алдартай. З7 наслахдаа амьдралынхаа сүүлийн 7 жилд л ихэнх уран бүтээлээ туурвисан байдаг. Ван Гог багаасаа эмзэг мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй хүн байсан. Энэ нь өөрийг нь төрөхөөс жилийн өмнө ах нь төрөөд нас барсантай холбоотой. Учир нь жилийн дараа мэндэлсэн Ван Гогд Европын тухайн үеийн гэр бүлийн уламжлалын дагуу нас барсан ахынх нь нэрийг хайрласан. Ээж нь мөн өдөр бүр ахыг нь нутаглуулсан газар луу дагуулж явдаг байсан учир Ван Гог яг өөртэйгөө адилхан нэртэй булшны чулууг үргэлж харна. Энэ нь эрдэмтдийн сүүлд хийсэн судалгаагаар өөрийгөө өөр хүний оронд төрчихсөн мэтээр үзэх сэтгэцийн эмгэгтэй болоход нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Тиймээс Ван Гог олон дутуугийн мэдрэмжтэй, тийм эмгэгтэй байсан учир өөрийнхөө оршин байхуйг тодорхойлохын тулд, өөрийгөө батлахын тулд зураг зурдаг байсан.


-Далигийн хувьд...


-Дали онцгой хайртай учирсан. Уран бүтээлч хүн эмэгтэй хүнээр хөглөгдөж хэчнээн гайхамшигтай бүтээл туурвиж болдгийг тэр харуулсан. Гайхалтай хайрын түүх түүний намтрыг үргэлж чимдэг.


-Харин Фридагийн талаар яривал...


-Фрида амьдралдаа 35 удаа хагалгаа хийлгэж байсан. 18 настайдаа автобусны осолд орсон. Тухайн үед хүмүүсийн гараараа барьж явдаг автобусны дээд талын урт төмөр нөхөн үржихүйн эрхтнийг нь цоолж аарцаг нурууг нь хугалж нэвт гарсан аймшигтай үйл явдал болсон. Хамгийн сонирхолтой нь уг автобусанд театрт хэрэглэхээр алт зөөж явсан хүн байдаг. Фрида мэдээж төмөрт нэвт сүлбүүлчихсэн, хувцас хунар нь урагдсан хэдий ч дээр нь өнөөх нунтаг алт асгарчихсан байсан гэдэг. Аймшигт автобусны осол байсан боловч гаднаас нь хэн нэгэн уран бүтээлч харвал төмөрт сүлбүүлсэн, бие нь алтанд будагдсан охин тэнд хэвтэж байсан нь бараг уран зураг шиг төсөөлөгдөнө. Энэ мэтчилэн сонгож авсан зураачид маань маш хүчирхэг тэмцэлтэй, олон сонирхолтой амьдралыг туулсан юм.


-Уран зургийг нэг өгүүлбэрээр тодорхойлж хэлээч?


-Уран зураг нь хүний оюун сэтгэлийг хүрздэж ухсан хойно дотор нь буй асар их шаналлыг анагааж хамгийн тэнгэрлэг дээд зүйлд аваачдаг. 

Холбоотой мэдээ