"Хятадыг танин мэдэх" соёлын өдрүүд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-21 15:43:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд "Хятад орныг танин мэдэх" соёлын өдрүүдийг есдүгээр сарын 2-6-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөсөн талаар ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.


Хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлж, уламжлалт найрамдалт харилцааг зузаатгах зорилгоор хэрэгжүүлж буй соёлын өдрүүдийг Монгол Улсын БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон тус улсын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж байна. 



ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, “Энэхүү соёлын өдрүүд нь Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхэд  чиглэсэн ажлын нэгэн томоохон хэсэг юм” хэмээв. 


“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал ажлын хүрээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөг тэмцээн зэрэг найман төрлийн 21 ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Мөрөн дээрх балет, Пийпаагийн хэл, арслангийн бүжиг зэрэг сонгодог, “Хайр бялхсан торгоны зам” цирк, үүшүгийн тусгай тоглолт Соёлын төв өргөөнд болох аж. Мөн хоёр орны найрамдалт харилцааны түүхийг өгүүлэх “Манай найрамдал” гэрэл зургийн үзэсгэлэн нээхээс гадна торгоны замаар Хятад, Монгол, Оросын нутгаар дамжин тархсан цайны соёлын үзэсгэлэн дэлгэх юм байна. Түүнчлэн, Хятадын утга зохиолын сонгодог бүтээл болох “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын зүүд”, “Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр” зэрэг романыг монгол хэлээр хэвлэж, уншигчдын гарт хүргэхийн сацуу Хятадын ном уншлагын өрөө нээхээр төлөвлөжээ.

Хятад кино соёлын хүрээнд, тус улсын орчин үеийн хамгийн их орлоготой “Нүүдэлчин дэлхий”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Чонон сүлд”, “Том загасны домог” зэрэг 10 киног монгол дуу оруулгатайгаар Улаанбаатар хотын кино театруудад толилуулах юм. 


НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас соёлын өдрүүдийг бүрэн дэмжиж оролцоно. Бид иргэд олон нийтэд энэхүү соёлын өдрүүдийг сурталчлах, мэдээлэл хүргэх, иргэдийг хамруулахад харьяа хэлтэс, агентлагуудаараа дамжуулан дэмжинэ” хэмээлээ.


"Хятад орныг танин мэдэхүй" соёлын цуврал ажлыг танилцуулах хэвлэлийн бага хуралд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар зэрэг албаныхан оролцов.

Холбоотой мэдээ