Д.Тогтохсүрэн: Зөвшилцөл боломжийн түвшинд байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-23 15:56:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар, УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлийн саналыг зөвшилцсөн. Үүнтэй холбогдуулан зөвшилцөл ямар түвшинд хүрсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулав. 


-Ерөнхийлөгчийн төсөл, саналаас хэдэн хувийг дэмжээд байна вэ?

-Нийт 49 саналын 16 нь одоо хэлэлцэж буй төсөлд огт хөндөгдөөгүй. 33 санал нь хөндөгдсөн гэж үзэж байгаа юм. Хөндөгдөөгүй 16 саналаас 10-ыг нь хүлээн авсан. Тухайлбал, намын гишүүнчлэлийг 50 мянга болгох санал байсан. Ер нь намын гишүүнчлэлийг нэмж байгаа нь сахилга, хариуцлагатай болгоход чиглэж байгаа юм. Нам сахилга, хариуцлагатай байснаар сайн төр оршино. Тиймээс намын гишүүнчлэл нэмэх саналыг хүлээж авсан. Гэхдээ 50 мянга арай их байна гэж үзээд, сонгуулийн насны иргэдийн нэг хувь гэсэн тоогоор өөрчилье гэж санал нэгдээд байна.


-АН-ын зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, орон нутагт эдийн засгийн тодорхой эрх өгөх зохицуулалтыг дэмжихгүй бол хэлэлцүүлэгт орохгүй гэдэг байр суурь илэрхийлсэн?

- УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга, Д.Эрдэнэбат Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн хуралдаанд оролцож, байр суурь, саналаа илэрхийлж байна. АН-ын зөвлөлийн 25 саналын 17-г нь багцлаад оруулж байгаа. Цаана нь Үндсэн хуульд хөндөгдөөгүй найман санал байгаа. Үүнээс орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг 57 эсвэл 59 дүгээр зүйлд тусгах эсэх асуудал яригдана. Харин татвар, өрийн хязгаартай холбоотой асуудлыг заавал Үндсэн хуульд тусгах шаардлага байхгүй. Одоо ажлын баг саналуудыг эцэслэн шийдвэрлэнэ.


-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг зохицуулалтыг АН-ын зөвлөлөөс гаргасан. МАН-ын бүлэг энэ саналыг дэмжсэн байна?

-Энэ зохицуулалтыг нь бид дэмжсэн. Учир нь өмнө нь бид ажлын баг, байнгын хороогоор гишүүдийг эргүүлэн татдаг байх асуудлыг 2/3-оор шийдсэн байсан. Ингэхдээ хууль зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүдийн олонхын саналаар эргүүлэн татна гэж санал гаргасан. Үүнд АН-ын зөвлөлийн тангаргаасаа няцвал гэсэн үгийг нэмж оруулсан. Аль аль талынхаа саналаас авахыг нь аваад, хаяхыг нь хаяж байна.


-МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны дараа зарим гишүүн Үндсэн хуулийн төслийг энэ парламент цааш нь авч явах боломжтой болсон гэж үзээд байна. Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй зөвшилцөж чадсан гэж үзэж болох уу?

-Ерөнхийлөгч, АН-ын саналыг авсан болохоор зөвшилцөл боломжийн түвшинд байна. Одоо саналыг цэгцлэх, найруулах зэргийг ажлын баг гүйцэтгэнэ. Ингээд Байнгын хороогоор ороод явна. Үүний дараа бүх зүйл цэгцрээд гараад ирэх болов уу гэж үзэж байна. Өнөөдөр ажлын баг болон Байнгын хороо хуралдаад дуусчихвал, ирэх даваа гарагаас нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн төслөө хэлэлцээд явах боломж бүрдэнэ.

Холбоотой мэдээ