“Кимбаб чонгүг” солонгос хоолны газрын үйл ажиллагааг зогсоов

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-08-23 15:45:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатад байрладаг Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын тогтоолоор бүхэлд нь түр зогсоолоо. 

Тус дүүргийн 37 дугаар байрны оршин суугчдаас 24 цагийн турш тасралтгүй ажилладаг энэ ресторан хиншүү хярвас их гаргадаг, хурц хоолны үнэрт амьдрахад хүндрэлтэй байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүссэн өргөдөл, энэ сарын 5-ны өдөр Чунчонхынгүг ХХК-ийн “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байсан иргэний хоолноос хар хорхой гарлаа гэсэн гомдлыг ирүүлсний дагуу НМХГ хяналт шалгалт хийлээ. 
Шалгалтаар бэлтгэсэн хоол хүнснээс дээж авдаггүй, дээжийн бүртгэл тогтмол хөтлөөгүй, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж байгаа ундны усыг шинжилгээнд хамруулаагүй, их цэвэрлэгээ, байнгын болоод урсгал цэвэрлэгээг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн орон сууцны барилгыг хоолны газар болгон өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төсөлгүй, хүнсний бараа бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Мөн өгсөн үүрэг даалгавар, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ аваагүй нь үйлчлүүлэгчдэд хоолны хордлого үүсэх эрсдэлийг үүсгэж байна. 
Тус хэрэгт нийслэлийн прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээж 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоож лацадсан боловч эсэргүүцэж, үргэлжлүүлэн зөвшөөрөлгүй ажилласан тул Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу цагдаагийн хэлтэстэй хамтарч, үйл ажиллагааг албадан зогсоолоо. Мөн тус рестораны өргөтгөлийг нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, цахилгааны монтажыг ил хийсэн, гал гарах, тогонд цохиулах эрсдэл бүхий орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилтэй байна.
НМХГ-аас тус хоолны газрыг 2019 оны 1 дүгээр сард үйл ажиллагааг бүхэлд түр зогсоож, торгууль шийтгэврийн арга хэмжээ авч ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ