Говь Гурван сайхан ууланд буга нутагшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 08:31:12

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваасүрэнгийн дэмжлэгээр Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд буга нутагшуулах төслийг хэрэгжүүлэхээр болж эхний 10 бугыг авчрахаар төслийн багууд ажиллаж байгаа юм.

Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс Халиун бугыг нутагшуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон ч санхүүгийн байдлаас шалтгаалан түр зогссон байжээ. "Сайханы буга" төслийг хэрэгжүүлэх анхны судалгааг өнгөрсөн хавар эхлүүлж Өмнөговь аймгийн унаган иргэн, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын захирал доктор Н.Банди, МУИС-ийн доктор, багш Суран нар Аймгийн ИТХ-ын хүсэлтээр суурь судалгааг хийж Гурвансайхан ууланд Халиун буга нутагших бүрэн боломжтой гэж тогтоосон байна.

Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд бараг 8 жилийн өмнө нэгэн согоо ирж нутагшсан нь өнөөг хүртэл байсаар байгаа билээ,  Тухайн согоо байгааг гэрэл зураг сонирхогчид зургийн хальснаа буулган баримтжуулсан нь бий.

“Одоогийн байдлаар Булган сумын Богинын хяр, Баруун сайхан ууланд нэг эр буга, Цогт-Овоо сумын нутагт бас нэг согоо байгаа аман мэдээ байна” гэж “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр хэлж байна. Халиун буга яагаад говь нутагт үзэгдэх болсоныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж амжаагүй ч Говь гурван сайхан ууланд бас нэгэн гайхамшиг бий болж байгаад говийн иргэд бахархан баярлаж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ