Орхон өртөөнд 24 айлын орон сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-28 13:09:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар төмөр замын Орхон өртөөнийхөн 24 айлын шинэ орон сууцаа хүлээн авлаа. Орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Орхон сумын сумын удирдлагууд, Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны нэгдүгээр ангийн дарга Л.Жаргалсайхан болон Ц.Хүрэлбаатар нарын албаны хүмүүс, тус өртөөний ажилтан, албан хаагчид оролцов. Шинэ орон сууцанд өртөөний 7 албан хаагч, замын 1 дүгээр ангийн 14 замчин, холбооны хоёр ажилтан, худалдааны нэг албан хаагч буюу нийт 24 албан хаагч нүүж орсон юм.

Ийнхүү төмөр замын өртөөнд нэгэн тохилог сууц нэмэгдэж 24 төмөр замчны ар гэр, үр хүүхдийн нийгмийн асуудал шийдэгдэж байгаад тус өртөөнийхөн талархал илэрхийлж, энэ сайхан орон сууцандаа ая тухтай амьдарч, амжилт бүтээл гаргаж ажиллана гэв.

Дашрамд, Төмөр замын Орхон өртөө нь 1948 онд ашиглалтад орсон, 8 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байсан аж. Одоогоор 20 хүний орон тоотойгоор Ерөө, Орхон, Энхтал багийн 67-83 км-ийг дуустал нийт 17 км замын өртөөний таван замын 5.8 км зам, 7 ширхэг суман шилжүүлгийг хариуцсан төмөр замын аюулгүй ажиллагааг хариуцан ажилладаг аж. Мөн үеэр тус орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны нэгдүгээр ангийн барилгын мастер Н.Отгонбаатарыг Хүндэт төмөр замчин цол тэмдгээр 4 албан хаагчийг мөнгөн шагналаар шагналаа.

Холбоотой мэдээ