“Дайнд мордсон охид” баримтат кинонд ахмад дайчдын ач зээ, үр хүүхдүүд тогложээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-28 21:00:18

Дорнод /МОНЦАМЭ/ Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан "Дайнд мордсон охид" баримтат киноны нээлт өчигдөр Чойбалсан хотноо болсон юм.

Тэртээ 80 жилийн өмнө сайн дураараа дайны гал дүрэлзэж, дарийн утаа үнэртсэн Халхын голыг зорьсон Баяндун сумын эрэлхэг 16 охины тухай дээрх кинонд өгүүлдэг. “Дайнд мордсон охид” киноны санаачлагч, найруулагчаар тус аймгийн Баян-Уул сумын уугуул Ч.Оюундэлгэр ажиллаж, 16 охины дүрд дайнд оролцож байсан ахмад дайчдын ач зээ, үр хүүхдүүд тогложээ. 

Киноны нээлтэд 16 охидын нэг өдгөө 97 насыг зооглож буй ахмад дайчин Ц.Чимэдцэрэн гуай оролцсон. Тус аймгийн Хөгжимт драмын театрт цугласан олон ахмад дайчин Ц.Чимэдцэрэн гуайг танхим дүүрэн алга ташилтан дор хүндэтгэлтэйгээр угтан авч байлаа. 

Нээлтийн үеэр Хөгжимт драмын театрын үүдний танхимд дайны үеийн эмнэлгийн байдал, эмч сувилагч нарын хувцас хэрэглэлийг харуулсан үзэсгэлэнг тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийнхөн дэлгэсэн байв. 

Холбоотой мэдээ