Хүүхдийн шүдний өвчний эмчилгээг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-08-29 09:30:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын ерөнхийлөгч Мицуюу Чиба, Шүдний эмнэлгийн холбооны зөвлөх Мурашигэ Фүжино, Масару Хасегава, Инагаки Томиказу нарыг хүлээн авч уулзлаа. 


 Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд төслийн эхний шатанд Чингэлтэй дүүргийн  ерөнхий боловсролын 50, 37 дугаар сургуулийг сонгон авсан байна.  

Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ,  “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах нь манай салбарын чухал асуудал. Монгол Улсын Засгийн газар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж, хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн шүдний өвчний тархалтыг бууруулах зорилтын хүрээнд 2-6 насны хүүхдийн амны хөндийн өвчнийг оношилж, эмчилж буй энэ үед хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах төслийг хэрэгжүүлж, хамтран ажиллах гэж байгаад та бүхэнд талархал илэрхийлье”  гэв.

Эрүүл хотыг дэмжих чиглэлээр бид Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажилладаг. Энэ удаа тус дүүргийн хүүхдийн шүд цоорох өвчлөлийг бууруулах ажлын хүрээнд 50 дугаар сургуулийн сурагчдын амны хөндийн өвчлөлийн байдалд судалгаа хийж, холбогдох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж  байгаа тухай Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын ерөнхийлөгч Мицуюу Чиба танилцуулаад, төсөл хэрэгжихэд дэмжиж хамтран ажиллахыг хүслээ.

 Дэд сайд Л.Бямбасүрэн ЕБС-ийн хүүхдийн шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ хийхээс гадна  урьдчилан сэргийлэх ажилд анхаарч ажиллахыг онцлоод ЭМЯ хамтран ажиллана гэлээ.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Нацагдорж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцов.

Холбоотой мэдээ