Нам улсын хэмжээнд ажиллах саналыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-29 12:54:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой заалтуудаар санал хурааж байна. 


Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагч, ажлын багийн гишүүдээс асуулт асууж, тайлбар авсан. Харин өнөөдрийн хуралдаанаар төслийн ажлын баг, Байнгын хороо, зөвшилцлөөс гарсан 150 орчим зарчмын зөрүүтэй заалт бүрээр санал хураан шийдвэрлэх юм. Ингэхдээ Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой өөрчлөлт зэрэг багц асуудлаар нь бүлэглэж санал хураах УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.


Ингээд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой сэдэвт хамаарах төслийн 19.1 дэх хэсгийн “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтаар эхэнд санал хураахаар болов. Ийнхүү дээрх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, санал хураасан юм.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, улс төрийн намтай холбоотой, түүний ил тод байдлыг хангасан зохицуулалт төсөлд тусгагдсаныг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ улс төрийн нам улсын хэмжээнд ажиллаж байгаа заалтыг хасах Я.Содбаатар нарын гишүүний саналыг дэмжиж байгаа гэв.  Тэрбээр, “Орон нутгийн хэмжээнд ажилладаг улс төрийн нам байж болно. Олон улсын практикт ч орон нутгийн нам, улсын хэмжээний нам гэж бүртгүүлж сонгуульд өрсөлддөг. Монголд хэт улс төржих байдал хэрээс хэтэрч байгаа нь улсын хэмжээний том намууд орон нутагт зонхилж байгаагаас шалтгаалж байж магадгүй. Намуудыг ингэж шахаж байгаа юм шиг заалт байж болохгүй. Улс төрийн нам заавал улсын хэмжээнд ажиллах шаардлагагүй” хэмээв. 


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Намын санхүүгийн ил тод байдлыг хангаж байгаа зохицуулалт орж байгааг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нам улсын хэмжээнд ажиллана гэдэг нь орон нутагт улс төржих, талцах байдлыг нэмнэ гэдгийг хэлээд, энэ заалтыг хасах саналтай байгаагаа илэрхийллээ. 


УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Улс төрийн нам улсын хэмжээнд ажилладаг дэлхийн жишиг байгаа, олон улсын туршлагаас судалж, дээрх зохицуулалтыг төсөлд тусгаснаа онцолж байв. Тэрбээр, “Энэ нь 330 суманд зохион байгуулалттай нэгж байх бүтцийг хэлээгүй юм. Улсын хэмжээнд бодлого боловсруулж ажиллахыг хэлж байна. Зөвхөн нэг орон нутагт явцуу үйл ажиллагаа явуулахгүй юм. Энэ заалт орсноор одоогийн улс төрийн намуудыг түрж, шахах гэсэн зүйл огт байхгүй. Энэ нь одоогийн хуулийн утга агуулгыг баяжуулж байгаа заалт” гэлээ.


УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол, улс төрийн нам улсын хэмжээнд ажиллах зохицуулалтыг дэмжиж байгаага илэрхийлэв. Тэрбээр, “Борооны дараах мөөг шиг маш олон нам гарч ирсэн. Энэ нь нэг талаараа сайн ч ямар бодлогын хүрээнд ажиллахад анхаарал хандуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Нам төрийн эрх барих ажиллагааны аль ч түвшинд оролцсон ард түмний дуу хоолой болох ёстой. Намтай холбоотой хатуу зохицуулалт тусгаж, шалгуурыг өндөрсгөж, санхүүг нь ил тод болгох нь зүй” хэмээв. 


Мөн УИХ-ын  гишүүн БХБ-ын сайд Х.Баделхан, Монгол Улс арилжааны банк, их дээд сургууль, намын тоогоороо дэлхийд гайхуулж байгаа гэдгийг тодотгоод, намын шалгуурыг өндөрсгөж, хариуцлагажуулах дээрх заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Ард түмэн өнгөрсөн хугацаанд хоёр том намыг ээлжлээд сонгосон байна. Өмнөх намынхаа хүмүүсийг нь сольж, томилдог. Ингэснээр улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Энэ асуудлыг шийдэх цаг нь болсон. Нам улсын хэмжээнд ажилладаг байх нь зөв. Энэ нь улс төрийн үзэл бодлоороо нэгдсэн хэсэг хүмүүс биш, тодорхой бодлого боловсруулж ажиллах ёстой. Гэхдээ энэ заалтыг оруулснаар орон нутгийн намчирхлыг арилгаж чадахгүй. Бидний гарц бол, нам улсын хэмжээнд ажиллах хэдий ч гишүүнчлэлгүй байх хэрэгтэй” хэмээв. 


Гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт техник гацаж, доголдол үүсээд буй тул саналыг гар өргөж хураах горимын санал гаргав. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү бичгээр санал хураах горимын санал гаргалаа. Гэвч дэгийн тухай хуулиар бичгээр санал хураах боломжгүйг УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлав.  Ингээд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төхөөрөмж нь ажиллаагүй хүн гар өргөж саналаа нэмүүлэх санал гаргасныг гишүүд дэмжив. 


Ийнхүү санал хураахад, Хуралдаанд оролцсон 62 гишүүний олонх төслийн 19.1 дэх хэсгийн “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан үүгээр завсарлалаа.


Холбоотой мэдээ