Зургаадугаар багт 30 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-30 12:02:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын зургаадугаар багаас аймгийн ИТХ-д сонгогдсон У.Одхүүгийн санаачилгаар тус багт 30 хүүхдийн шинэ цэцэрлэг үүдээ нээх гэж байна.

Аймгийн төсвийн 50 гаруй сая төгрөгөөр барьж буй 10х14 метрийн харьцаатай 140 м.кв талбай бүхий тус цэцэрлэгийн барилга, гадна тохижилтын ажлын явцтай аймгийн Засаг даргаар ахлуулсан албаныхан очиж танилцлаа.

У.Одхүү тухайн цэцэрлэгийн ТЭЗҮ зураг төсвийг хувиасаа 1,4 сая төгрөг гарган хийлгэж, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ээр дамжуулан өнгөрсөн онд аймгийн ИТХ-аар батлуулж, энэ оны тавдугаар сард барилгын ажил нь эхэлжээ. Барилгын ажлыг “Бүрдэн тойрог” ХХК гүйцэтгэсэн бөгөөд одоо тэд 41 сая төгрөгийн тендер бүхий гадна тохижилт, хашаа, явган хүний зам, дулаан, тогооны шинэчлэлт, дотор талын сантехникийн ажлуудыг гүйцэтгэж байна.

Шинэ цэцэрлэгийг Хэрлэн сумын нэгдүгээр цэцэрлэгийн харъяа болгон байгуулж байгаа бөгөөд, нэг багш, үйлчлэгч тогоочийн хамт үйл ажиллагаагаа есдүгээр сарын 2-ноос эхлэх аж.

У.Одхүү "Зургаадугаар баг сумаасаа алслагдсан болохоор үргэлж бүтээн байгуулалтын гадна явж ирсэн. Тиймээс багийнхаа хамгийн тулгамдсан асуудал цэцэрлэгийн барилгыг аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлсэн. Ирэх жил халуун усны газар барих, худаг гаргах, багийн тохижилт, бохир, цэвэр усны шугам, нэгдсэн дулаанд холбох зэрэг нэлээд бүтээн байгуулалтын ажил өрнөнө" гэдгийг мэдэгдлээ.

“Малчдын хороо” нэрээр дуудагдаж ирсэн Хэрлэн сумын Цогт-Өндөр баг аймгийн төвөөс алслагдсан, хүн амын төвлөрөл багатай зэрэг шалтгаанаас үүдэн өнөөдрийг хүртэл СӨБ-ын үйлчилгээг таван ханатай гэрт явуулж ирсэн аж.

Холбоотой мэдээ