Замын ослоор бэртсэн хүн 40 хувиар олширчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 10:46:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ энэ долоо хоногт 1243 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 892 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас нийслэлд 35 хүн гэмтэж, нийслэл, орон нутагт тус тус гурван хүний амь хохирчээ. 


Энэ долоо хоногт бүртгэсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад, нийт дуудлага мэдээлэл 3.6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12.2 хувиар, гэмтсэн хүний тоо 40 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан  хүний тоо 20  хувиар өссөн байна.


Эдгээр өдөрт есөн хүүхэд бэртсэний дөрөв нь зам хөндлөн гарахдаа, дөрөв нь автомашинд зорчиж байхдаа, нэг нь унадаг дугуйтай явж байхдаа осолд өртжээ. Шинэ хичээлийн жил эхэлж буй эдгээр өдөрт нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихсэж байна. Тиймээс эцэг, эхчүүдэд 10 хүртэлх насны хүүхдээ замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байх, зориулалтын суудалд тээвэрлэхийг ТЦА-наас анхаарууллаа. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 27-ны 07.30 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1-р баг “Шарга” гэх газар засмал замд “Ssangyong Istana" автомашин  онхолдож, зорчигч 13 настай хүүгийн амь хохирчээ. 

Мөн энэ сарын 28-ны 14.55 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Батсүмбэрийн зам, Рашаант өртөөний буудалд "Toyota Landcruiser-200" загварын автомашин "Toyota Prius"-тэй мөргөлдөж, зорчигч 2-13 насны гурван хүүхэд бэртсэн байна. Харин өчигдөр 04.24 цагт согтуугаар жолоо барьсан жолоочтой "Toyota Prius" болон "Hyundai Porter" загварын автомашин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Өгөөж” ХХК-ийн урд замд  мөргөлдсөний улмаас нэг нь бэртэж, 24-28 насны дөрвөн зорчигч гэмтжээ. Түүнчлэн өчигдөр 03.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингаравын урд замд "Subaru Impreza" загварын автомашин онхолдож, 22 настай жолоочийн амь хохирсон байна. Мөн автомашин онхолдохдоо  24, 25 настай хоёр эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ. 


Замын цагдаа нар эдгээр өдөр согтуугаар жолоо барьсан 108 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан 35 жолоочийг шүүхээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Холбоотой мэдээ