П.Байгальмаа: Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Цагаан дарь эх бол зүгээр нэг баримал биш, амьд мэт "амьсгалдаг" урлагийн гайхамшигт бүтээл
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын их соён гэгээрүүлэгч, Анхдугаар Богд Жавзандамбын түүхэн гавьяа, урлахуй ухаан, үлдээсэн өвийн тухай Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, Урлаг судлалын ухааны доктор П.Байгальмаагаас тодруулсан юм.
-Монголын хосгүй суут их хүн-Өндөр гэгээн Г.Занабазарын
мэндэлсний 390 жилийн ой өнөө жил тохиож байна. Тэр их хүнээр овоглосон энэ
музейд ямар ямар гайхамшигтай бүтээл нь
хадгалагдаж байна вэ?
-Өндөр гэгээний дэг сургууль болон мутрын бүтээлүүд нь Дүрслэх урлагийн музейн үзмэрүүд дотор хамгийн үнэ хүндтэй бүтээлд тооцогддог. Монголын дүрслэх урлагийн томоохон төлөөлөгч Өндөр гэгээний өөрийнх нь мутраар бүтээсэн нэлээн үзмэр манай музейд хадгалагддаг. Тэдгээрээс “Цагаан дарь эх”, “Язгуурын 5 шүтээн бурхан”-ы дөрөв нь, “Бодь суварга”, “Майдар”, “Зөөлөн эгшигт”, “Эх Ханджамцын хөрөг” гэх мэт эх бүтээл нь бий. Мөн шавар, шуумал, танка, зээгт наамал, модон барын дардас зэрэг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээсэн Өндөр гэгээний дүрүүд нь музейн үнэт үзмэрүүдийн нэг хэсэг юм. Мөн Өндөр гэгээний дэг сургуулиар бүтээсэн, түүний дараа үеийн шавь нарынх нь бүтээлүүд музейд хадгалагдаж байна.
-Өндөр гэгээний бүтээлүүдийг Парисын “Лувр”-т дэлгэн
толилуулахад Парисын сонинуудад ”Аугаа Занабазар” гэж бичиж байсан гэдэг. Энэ
нь Леонердо да Винчигээс эхлээд дэлхийн алдартнуудтай эн зэрэгцэх аугаа
авьяастан байсныг нь тодотгон харуулсан. Өндөр гэгээн Занабазарын дахин
давтагдашгүй урлахуйн гайхамшиг нь юундаа байдаг вэ?
-Занабазарын бүтээлийн урлахуйн гайхамшгийн талаар их зүйл ярьж болно. Францад Монголын шилдэг үзмэрүүдээс бүрдсэн үзэсгэлэнг 1993 онд зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэнд Өндөр гэгээний “Ногоон дарь эх” бүтээлийг тавьсан. Тухайн үед Францын хэвлэлээр нэлээн шуугиан тарьж, урлаг судлаач, шүүмжлэгч нарын үнэлэлт дүгнэлт гарч байсан.
“Ногоон дарь эх”, “Очир дарь, “Цагаан дарь эх” нь монголын урлагт төдийгүй дэлхийн буддын шашны дүрслэх урлагт ч давтагдашгүй бүтээл гэж үнэлэгддэг. Парисын “Лувр”-т дэлгэгдсэнээс хойш олон улсын мэргэжилтнүүд түүнийг “Азийн Мадонна” хэмээн тодотгож байв.
Үүнээс үзэхэд
Өндөр гэгээний бүтээлүүд зөвхөн Монголдоо төдийгүй Ази, Дорно дахин, цаашилбал дэлхийн урлагийн сор бүтээлүүдийн нэг төдийгүй Сэргэн
мандалтын үеийн Леонердо да Винчи, Микеланжело зэрэг агуу суут уран бүтээлчдийн
бүтээлтэй эн дүйцэхүйц хэмжээнд хүрч бүтээсэн гайхамшигтай бүтээл гэдгийн
нотолгоо болж байна.
Хүний биеийн харьцаа хэмжээний тухай “Данжуур”-т заасан тусгай сургаал байдаг. Тухайлбал, Эртний Энэтхэгийн бурхан дүрслэлийн тиг хэмжээг заасан “Пратималакшана”, “Читралакшана” гэх мэт хөлгөн судар бий. Өндөр гэгээн энэхүү хөлгөн судруудад үндэслэн бүтээлүүдээ “Дашатала” буюу 10 алганы хэмжээ баримтлан урладаг байсан. Тэгэхээр Өндөр гэгээн Занабазар монголын төдийгүй дорно дахины сонгодог урлагийн томоохон төлөөлөгч болох нь тодорхой харагддаг. Мөн Энэтхэг, Төвөд, Балбын бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэг жаягийг маш бүтээлчээр эвдэж, үндэсний уран сайхны онцлог, хүн ардын зан үйл, хүсэл тэмүүллийг бүтээлдээ шингээж урласан. Ингэснээрээ Өндөр гэгээн тухайн үедээ бурхан дүрслэлийн монгол дэг сургуулийн үндсийг тавьсан. Мөн урлахуйн ухааны уран сайхны хүрэл цутгуурын үндэс суурийг тавьсан гэж зүй ёсоор хэлэх бүрэн үндэслэлтэй.
-Өндөр гэгээний
бүтээлийн ур хийцийн гайхамшгаас нь жишээлж болох уу?
-Занабазарын бүтээлүүдэд хүний
биеийн гоо сайхан, хэлбэр төрх, гарын хөдөлгөөн, донж маяг, нүүрний байдал,
өмсгөл хувцас, гоёл чимэглэл зүүсгэл гээд жижиг зүйлсийг ч үлдээлгүй маш нарийн
тогтсон хэмжээ харьцаагаар нь урладаг. “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх”, “Язгуурын
таван шүтээн”, “Очир дарь” зэрэг бүтээл нь дэлхийд ховордоод байгаа сонгодог
уран баримлын оргилын тоонд зүй ёсоор тооцогдож байгаа. Мөн Өндөр гэгээний уран
барималд зөвхөн дүр төрхийг төдийгүй бурхан шүтээний гүн утга, сэтгэлгээ,
мэдрэмжийг бүрэн шингээж урласан байдаг. Энэ нь үзэгчдэд гүн сүсэг бишрэл төрүүлж, бурхан шашны гүн ухааныг
урлагаар дамжуулан ойлгуулж чаддаг.
Бүтээлүүд нь амь орсон мэт, хөдөлгөөнтэй, сэтгэл хөдлөлтэй харагддаг учраас монголчууд Өндөр гэгээнийг “хувилгаан урлаач” гэдэг.
Мөн буддизмын дүрслэх урлагт өөрийн гэсэн анхны хэв маягийг оруулж ирсэн. Дэлхийн судлаач нар Өндөр гэгээнийг судалж байна. Мөн дэлхийн бүх газарт Өндөр гэгээний урласан бүтээлүүд дуудлага худалдаанд өндөр үнээр орж байна.
-Өндөр гэгээн Занабазарын урлал хэрхэн уламжлан
хадгалагдаж ирсэн байдаг вэ?
-Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Эрдэнэзуу хийд, Шанхын хүрээ хийд, Гандантэгчэнлин хийд зэрэгт Өндөр гэгээний бүтээлүүд хадгалагдаж байна. Бид энэхүү үнэ цэнтэй бүтээлүүдийг хадгалж, сурталчилж таниулахаас гадна Өндөр гэгээний урлалын өв, залгамж холбоог авч үлдэх нь чухал юм. “Бурханч лам” Г.Пүрэвбат агсны анхны шавь нар энэ урлалын гайхамшгийг сууриас нь номын ёсоор үзэж, судалж бурхан шүтээний хэмжээ, харьцаа, тиг, дэг жаягийг эзэмшээд Өндөр гэгээний өвийг таслахгүй үргэлжлүүлж байна.
-Энэхүү музейд Занабазарын гайхамшигт бүтээлүүдээс гадна Монголын
үе үеийн урчуудын ямар хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж байна вэ?
-Манай Дүрслэх урлагийн музей сан хөмрөгтөө нийт 16 мянга орчим үзмэр цуглуулгатай. Энэхүү үзмэр цуглуулгын охь дээж бүтээл гэвэл Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд зүй ёсоор орно. Мөн Монголын үе үеийн урчуудын дахин давтагдашгүй ур хийцтэй бүтээлүүд бий. Тухайлбал, XVIII-XX зууны эхэн үеийн Их Хүрээний нэрт урчуудын бүтээсэн бүтээлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
-Дүрслэх урлагийн музей анх хэдэн онд байгуулагдав, сан
хөмрөгөө хэрхэн баяжуулж ирсэн байдаг вэ?
-Манай Дүрслэх урлагийн музей 2026 онд 60 жилийн ойгоо
тэмдэглэнэ. Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойгоор төр, шашин,
урлагийн том төлөөлөгч Өндөр гэгээн Занабазарын нэрийг мөнхжүүлэх зорилгоор
тухайн үеийн Засгийн газар тогтоол гаргаж, 1995 онд Г.Занабазарын нэрэмжит
Дүрслэх урлагийн музей болгосон. Энэ нь Өндөр гэгээн хэмээх агуу суут уран
бүтээлчийг үеийн үед мөнхжүүлж,
алдаршуулах чухал үйл явдал болсон билээ.
Музейн сан хөмрөгийг бүрдүүлэхдээ анх Занабазарын уран баримлууд, Монголын уламжлалт танка зураг, ардын урлагийн бүтээлүүдийг улсын бодлогоор сан хөмрөгтөө шилжүүлэн авсан байдаг. Мөн хувь хүмүүсийн хандиваас гадна, үзэсгэлэнгийн үеэр гадаадын болон орон нутгийн цуглуулагчидтай хамтран ажиллаж, бүтээл худалдан авсан тохиолдлууд ч бий.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй онцлох гурван үзмэрийг танилцуулъя.
Хэмжээ: 69х45х45, жин 53830гр, хүрлээр цутгаж алтаар шарсан.
Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн “Цагаан дарь эх”
Занабазарын “Цагаан дарь эх” бол зөвхөн шашны баримал биш, Монголын
урлагийн оргил, оюуны соёлын үнэт өв юм. Уран сайхны төгөлдөржил, гүн ухаан,
гоо зүй гурвын цогц илэрхийлэл болсон бүтээл юм.
Цагаан дарь эхийн лагшин бие нь болор мэт тунгалаг, 16 настай төгөлдөр
охины мишээсэн амгалан дүртэй, зүүн мутартаа цагаан бадамлянхуа цэцэг барьж,
баруун мутраар хамаг амьтныг насны зэтгэр бүгдээс гэтэлгэж өвчин зовлонгоос
ангижруулах өглөг буяны сэтгэлийг илэрхийлсэн байдаг. Тэргүүндээ гурав, мутрын
алга, хөлийн улнаа тус бүр мэлмийтэй тул “Долоон мэлмийт Цагаан дарь эх” хэмээн
алдаршсан. Эдгээр мэлмий нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт түмэн олонд
өглөг буянаа өгч, энэрэн хайрлаж байна гэсэн бэлгэдлийг агуулдаг.
Энэхүү уран баримал нь Монголын шашин, урлаг, гүн ухааны түүхэнд онцгой
байр суурьтай бөгөөд түүний ур хийц, уран сайхны гайхамшиг дараах онцлогуудтай.
Амьд мэт амьсгалсан уран баримал
- Түүний
урласан Цагаан дарь эх зүгээр нэг баримал биш, уламжлалт бясалгалын
шүтээн. Бясалгал, авралын бэлгэдлийг маш нарийн уран сийлбэрээр дамжуулан
илэрхийлсэн байдаг.
- Баримлын амьд мэт харц, амгалан инээмсэглэл нь сүсэгтэн олонд гүн хүндэтгэл төрүүлдэг. Дарь эхийн энэрэнгүй, амгалан төрхийг онцгой мэдрэмжтэй гаргаснаараа онцлог бүтээл юм.
Бүтээгч: Хасгомбо, XIX зуун, 100x72 см, торго, хоргой, өнгийн утас
Зөөлөн эгшигт
XIX зууны сүүлч үед Их Хүрээний Зоогойн аймгийн нэрт зураач Хасгомбын хар зургаар урласан “Зөөлөн эгшигт” хэмээх бүтээл нь маш нарийн урлалтай. Учир нь энэхүү бүтээлийг хялгасан зээгээр бүтээсэн байна. Монгол зургийн гол дүрээ томоор авч, бусад зүйлийг тойруулан урладаг сонгодог уламжлалыг хэрэглэн, зохиомжийн төвд шар дүртэй Зөөлөн эгшигтийн том хөрөг, түүний чанх оройд Бурхан багш, зүүн болон баруун талд Ногоон, Цагаан гэтэлгэгч эх, зүүн доод буланд Эгшигт охин тэнгэр /Янжинлхам/, баруун доод буланд Мутартаан очирт /Очирваань / зэрэг бурхад заларна.
Бүтээгч: Нэр үл мэдэгдэх
Халх эмэгтэй гоёл чимэглэл
Монголд 20 гаруй том овог, ястан байдгийн нэг нь халхууд юм. Тэд үндэсний уламжлалаа хадгалсан өвөрмөц загвар хийц бүхий хувцас, эдлэл хэрэглэлтэй. XVI зууны үеэс монгол эмэгтэй үсээ дэлбэгэр хэлбэртэй болгон угалз хээ бүхий үлэмж их цэвэр цагаан мөнгөн эдлэлээр гоёх болжээ.
Дэрэвгэр үс: Манж Чин улсын үеийн хараанд байсан 200 гаруй жилийн үеэс монгол эмэгтэйчүүд дэлбэгэр үс хэрэглэдэг байжээ. Дэлбэгэр үс нь монгол эмэгтэйг ихэмсэг, бардам, үзэсгэлэн төгс харагдуулдаг байжээ.
Толгойн боолтыг шүр шигтгэн мөнгөн утсаар товгор хээ угалз, өлзий утас ороож хийнэ.
Хавчаар нь зуувин хавчиг хэлбэртэй эвэр угалз, өлзий хээг хослуулан сүлжиж цохисон мөнгөн дээр шүр суулгаж хийсэн байна.
Шанаавч, шилэвч зэрэг нь мөнгөн утас сүлжих аргаар угалз, өлзий утас, ханан хээ гарган, шүр шигтгэж хийсэн байна. Толгойн боолтны хээ ямар байна, түүнтэй ижил хээ чимэг бүхий шанаавч, шилэвч, хавчаар үйлдэнэ.
Халх эхнэр хүний таван саваагүйд шүдний чигжлүүр, хэлний хусуур, хөмсөг зулгаагч, чихний ухуур, хумс цэвэрлэгч багтаасан байдаг. Энэ нь монгол эмэгтэй хүний цэвэр ариун байдлыг илтгэхээс гадна хатан хүний эрхэмсэг, ёсорхуу донж маягийн илэрхийлэл болж байдаг.