УИХ-ын ээлжит бус чуулганы хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 18:34:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ээлжит бус чуулган товлон зарлах тухай энэ оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай захирамж гаргаж, ирэх сарын 1-нд дуусах байсныг 30 болгон сунгалаа. 


Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээс гадна зургаан асуудал нэмж оруулжээ. Тодруулбал, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад нэмсэн байна.


Мөн "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл багтах юм. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай” Монгол Улс,ОХУ хоорондын гэрээний төслийг нэмэхээр шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ