Дэлхийн ур чадварын уралдаанд Ховд аймгаас оролцогчдод хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-31 13:20:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Сантехникийн багш С.Батаа, суралцагч С.Дашдэрэм нар “World skills-2019” дэлхийн ур чадварын уралдаанд амжилттай оролцжээ.  

Тэднийг  Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хамт олон, гэр бүл, найз нөхөд нь “Ховд” нисэх буудал дээр тосон авч, хүндэтгэл үзүүллээ.

Тус коллежийн багш С.Батаагийн бэлтгэсэн сантехникийн техникчийн ангийн суралцагч С.Дашдэрэм “Монгол ур чадвар-2018” сантехникч мэргэжлийн улсын ур чадварын уралдаанд оролцож тэргүүн байрт шалгарч улмаар ОХУ-ын Казан хотод болсон “World skills-2019” тэмцээнд орох эрх авсан аж.

Хөгжил политехник коллежийн Сантехникийн багш С.Батаагийн хувьд 2017 онд “Дэлхийн ур чадвар”-ын  уралдаанд суралцагч Ц.Долгормаагийн  хамт  оролцож байсан туршлагатай.

Харин С.Дашдэрэм нь тус коллежийн 2,5 жилийн ангид гагнуурын мэргэжлээр сурчээ. Тэрбээр сантехникийн техникчийн ангид элсэн суралцаад хос мэргэжилтэй болсон төдийгүй дэлхийд ур чадвараа сорих том боломжийг алдалгүй атгаж чадсан байна.

С.Дашдэрэм тэмцээний үеэр сантехникийн мэргэжлийн даалгаврыг 16 цагийн хугацаанд гүйцэтгэхээс 15 цагийн хугацаанд гүйцэтгэж, улмаар 700 оноо авахаас 693 оноо авч 17 дугаар байрт шалгарчээ. 

75 жилийн түүхтэй Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн багш, суралцагчид дэлхийн ур чадварын уралдаанд сантехникийн мэргэжлээр хоёр дахь удаагаа оролцсоноороо онцлог юм. 

“World skills-2019” дэлхийн ур чадварын уралдаанд 63 орны 1300 гаруй залуус 56 мэргэжлийн төрлөөр ур чадвараа сорьсон бөгөөд Монгол Улсаас МСҮТ, политехник коллежийн суралцагч найман залуу найман мэргэжээр эксперт багш нарын хамт оролцжээ. Тэдний  нэг бол  Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн суралцагч С.Дашдэрэм, эксперт багш С.Батаа нар юм.   


Холбоотой мэдээ