Ерөнхий боловсролын 30 сургуульд 26 мянган хүүхэд суралцана

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-09-01 20:59:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мөнгөн хонхны дуу жингэнэж, өхөөрдөм хүүхдүүдийн инээд цангинасан 9 дүгээр сарын 1-ний өдөр тохиож байна.

Эрдмийн саруул өргөө үүдээ нээн ирээдүйн их үйлсийн эздийг урин дуудсан эл баярын өдөр Өвөрхангай аймагт 26400 хүүхэд сургуулийнхаа алтан босгоор алхан орж, эрдмийн аяндаа шамдан суралцахаар ирлээ. Үүнээс 2600 гаруй хүүхэд нь хичээлийнхээ анхны А үсгийг заалгаж байгаа юм. Тэрчлэн төрийн болон төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 10000 гаруй бяцхан үрс хамрагдаж байна.

Арвайхээр сум дахь ерөнхий боловсролын 5 сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон аймгийн удирдлагууд оролцож баяр хүргэлээ. Энэ үеэр аймгийн боловсролын салбарын амжилтыг дурдаж байсан бөгөөд ЭЕШ-ын дүнгээрээ улсад 14 удаа амжилттай оролцож, 9 удаа тэргүүн байр, 2 удаа дэд байр, 3 удаа гутгаар байр эзэлснийг онцлон тэмдэглэж байв.

Мөн 26 жилийн дараа багш нарын 7 дугаар их хурлаа зохион байгуулж, цаашдын чиг хандлагаа тодорхойлсон, сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулж, 10 жилийн турш тогтвортой хэрэгжүүлэхээр болсон гээд улсын хэмжээнд боловсролын салбар ололт, амжилт ихтэй ажиллаж байгааг дурдлаа.

 2019-2020 оны хичээлийн  жилд олон онцлог зүйл байгаагийн нэг нь шинээр орж эхэлж буй “Иргэний ёс зүйн боловсрол” хичээл юм. Хүүхдэд сайн боловсрол эзэмшүүлэхээс гадна жинхэнэ монгол хүн болгож төлөвшүүлэх асуудал чухал байгааг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлж, хүүхдүүдийг ёс зүйтэй, бүх талын боловсрол, эрдэм мэдлэгтэй, хүчирхэг иргэн хүн болж төлөвшихөд  энэ хичээл чухал ач холбогдолтой гэлээ.

 

Холбоотой мэдээ