Замын-Үүд боомтыг түр горимд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-02 12:22:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогын дагуу 09 дүгээр  сарын 01-нээс боомтын үйл ажиллагааг түр горимд шилжүүллээ.  

Боомтын шинэчлэлийн хүрээнд шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламжийн хамт барихаар эхний ажил эхлээд байгаа аж.

Мөн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулах аж. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн бөгөөд төслийг БНХАУ-ын 201 сая юанийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

Энэ хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид Замын-Үүдийн чөлөөт бүсийн авто зам, талбайгаар нэвтрэх бөгөөд зорчих маршрут болон түр байгууламжуудын байршлыг иргэдэд видео бичлэгээр хүргэж байгаа аж.

Боомтын шинэчлэлтэй холбогдуулан сумын Засаг дарга Н.Алдарбаяр Замын-Үүд чөлөөт бүсийн орчимд очиж ажлын гүйцэтгэлийн явцтай танилцаж, холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзан тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Замын-Үүд Монголын хамгийн том боомт хот бөгөөд түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй хүн тус суманд аж төрдөг.

Холбоотой мэдээ