Барилгын компаниуд түрээсийн орон сууц төсөлд оролцож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-02 17:10:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Х.Баделхан “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-5 жилийн хугацаанд түрээслээд, өмчлөж авах боломжтой орон сууцны төсөлтэй өнөөдөр танилцлаа.  

Тус компани Дэнжийн 1000 орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслээд өмчлүүлэхээр төлөвлөж байна. Дээрх төслийн хүрээнд 3358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулах юм. 


Засгийн газраас “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг гаргаснаар иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.
Тэгвэл Засгийн газрын гаргасан шийдвэр бодит ажил хэрэг болохын зэрэгцээ барилгын компаниуд өөрсдийн санаачлагаар түрээсийн орон сууцны төслийг ийнхүү хэрэгжүүлж эхэллээ. 

“Бармон” ХХК-иас гадна “Шинэ үе констракшн” ХХК Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Санни Сайд апартмент” орон сууцандаа урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хуримтлуулж чадсан иргэдэд 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх, мөн “Оч-Үжин” ХХК “Би-ван” /B-оne/ орон сууцны хорооллын 60 айлын орон сууцыг 3 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. 

Төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан БХБ-ын сайд Х.Баделхан, “Манай яам ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлого, худалдан авах чадварт нийцсэн орон сууцаар хангах бодлого баримталж байна. Засгийн газраас түрээсийн орон сууцаа өмчлөн авах боломжийг бүрдүүлж өгснөөр хувийн ААН, байгууллагууд орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь иргэдийн эрэлт, худалдан авах чадварт нийцсэн томоохон төсөл болно” гэдгийг онцоллоо. 

Барилгын компаниуд үүнээс гадна компанийн хувь лизингээр орон сууцтай болох төслийг хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотод 2019 оны хагас жилийн байдлаар 29 ААН-ийн 43 төслийн 4975 айлын орон сууцны төслийг 2-8 жилийн хугацаатай, урьдчилгаа 30-50 хувийг төлөөд жилийн 5-18 хувийн хүүтэй компанийн хувь лизингээр борлуулж байна. Үүнээс 2689 айлын орон сууц борлогдож, 2286 айлын орон сууц борлуулагдаагүй байна. Нийт борлуулалтын явц 54 хувьтай байна. Жишээлбэл:

  • “Оргил төв” ХХК-ийн захиалгаар барьсан “Энканто цогцолбор хорооллууд”-д 5 жилийн хугацаатай 7.5 хувийн хүүтэй;
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол орчимд “Эко констракшн” ХХК-ийн “Гранд вилла” цогцолбор хороололд 5 жилийн хугацаатай сарын 0.5 хувийн хүүтэй;
  • -Сонгинохайрхан дүүргийн 1-р хороололд “Эрин интернашнл” ХХК-ийн барьсан “Эрин хороолол”-д 10 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй хувь лизингээр борлуулж байна.

 

Холбоотой мэдээ