Мал угаах үйлчилгээг жилд хоёр удаа явуулж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-05 09:26:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал угаах ажлын хоёр дахь ээлж Архангай аймгаас эхэллээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд  “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн тавдугаар сарын 1-нээс 10-р сарын 20-ны өдөр хүртэл улс орон даяар аян болгон зохион байгуулж байх талаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Үүний дагуу өнгөрсөн жилээс улсын хэмжээнд малыг эрүүлжүүлэх ажил үйлчилгээ явуулж байна. Орон даяар мал угаалгыг тогтмол хийж эхэлснээр махны гарц 15 хувиар, ноосны гарц 30 орчим хувиар нэмэгдэж байгааг эрдэмтэд тогтоогоод байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Архангай аймагт ажиллах үеэр мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар энэ онд Архангай аймгийн 8 сумын 44 багт мал угаалгын суурин банн барьж, мал сүргийн угаалгын ажлыг идэвхитэй зохион байгуулж байна. Тус аймагт малын угаалгын үзүүлэх сургалтыг зохион байгуулж суурин болон зөөврийн угаалгын төхөөрмжөөр бог малыг, бод малыг зориулалтын шүршигчээр угаалгад хамрууллаа. Ингэхдээ мөн хашаа хороо бууцыг хэрхэн ариутгах зааварчилгааг өгсөн юм.



Мал сүргийг тарилга, туулгалт, угаалгад тогтоосон хугацаанд бүрэн хамруулснаар арьсны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, ширний чанар болон ноос ноолуурын гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулж байна. Арьсных нь  70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байсан малыг угаалгад хамруулснаар арьсны гэмтэл үгүй болж, чанар нь 1-3 зэрэглэлээр дээшилж, махны гарц 15 хувь хүртэл нэмэгдэж байна. 

Холбоотой мэдээ