Нутгийн удирдлагын байгууллага татварын хэмжээ тогтоох эрхтэй байх саналыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-05 11:41:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой түр хойшлуулсан хоёр зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааснаар МАН-ын бүлэг завсарлага авлаа. 


Өчигдөр болсон нэгдсэн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллуудаар санал хурааж дууссан ч хоёр саналаар санал хураахыг түр хойшлуулаад байсан юм. 


Эхнийх нь Үндсэн хуулийн 59.2-ийг “Нутгийн өөрийн удирдлагын байгууллага нь аймаг нийслэл сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд Иргэдийн нийтийн хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт тохируулан хуулиар тогтоож болно” гэж өөрчлөн найруулах санал байв. Энэ саналыг ажлын баг болон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн юм. Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дээрх саналыг дэмжлээ. 


Мөн Үндсэн хуульд 57.3 дахь хэсэгт, “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж нэмэлт оруулах ажлын багийн саналыг гишүүдийн 95.1 хувийн саналаар дэмжсэн юм. 


УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ өмнөх өдрийн хуралдаанаар гишүүдийн хэлсэн саналыг өнөөдрийн санал хураан шийдвэрлэсэн хоёр заалтад тусган найруулах чиглэлийг Ажлын баг, Төрийн байгуулалтын байнгын хороонд өглөө.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж эхлэх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын гаргасан горимын саналын дагуу 10 гаруй багц саналыг хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хойшлуулсан 10 гаруй багц асуудлыг хэлэлцэхийн өмнө МАН-ын бүлгийн хурлаар нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байгааг хэлээд, үдээс хойших хуралдаан хүртэл завсарлага авах горимын санал гаргав. Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдийн 15.00 цагт үргэлжлэн хуралдахаар боллоо.

Холбоотой мэдээ