Монгол, Беларусийн Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-06 16:35:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын ээлжит зөвлөлдөх хуралд оролцов. Түүний айлчлал энэ сарын 2-5-нд үргэлжилсэн юм. 


Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНБУ-ын Гадаад харилцааны дэд сайд А.В.Дапкюнас нар хоёр талаас тэргүүлэн оролцов.


Монгол Улс БНБУ-ыг уламжлалт найрсаг харилцаатай, чухал түнш орон хэмээн үздэг бөгөөд уг харилцааг шинэ агуулгаар баяжуулахыг эрмэлзэж байгааг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглээд, цаашид хоёр тал хамтын ажиллагааг илүү бодитой болгох талаар санал солилцож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар ярилцав.


Мөн талууд хоёр улсын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах нь чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нийлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад харилцан бие биенээ дэмжиж ирсэнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ