Монгол цэргийн нэгдсэн холбоо Хэнтий аймагт салбараа байгууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-07 09:28:46

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол цэргийн нэгдсэн холбооны төлөөллүүд өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж, салбар хорооны даргаар тус аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг сонгож, батламж тугаа гардуулан өглөө.

Энэхүү ажлын хүрээнд Удирдах Зөвлөлийн гишүүн бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуулийн байгууллагууд болон иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, холбооны дүрэм, үйл ажиллагааныхаа зорилго чиглэлийг танилцууллаа.

Уулзалтад Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх дэслэгч генерал доктор профессор Ц.Тогоо, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх дэслэгч генерал Д.Даваа нар оролцсон юм. Уулзалтын дараа ажлын хэсгийнхэн Монгол Улсын анхны баатар Ш.Гонгорын хөшөөнд цэцэг өргөж, дурсгалын зургаа татууллаа.

Тус холбооны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг бөгөөд эх оронч үзэл үндэсний бахархлыг хөгжүүлэн иргэд залуусыг соён гэгээрүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилготойгоор байгуулжээ.

Монгол цэргийн нэгдсэн холбоог энэ оны тавдугаар сард байгуулсан бөгөөд 21 аймагт салбар холбоогоо байгуулах ажлыг ийнхүү Хэнтий аймгаас эхлүүллээ.

Холбоотой мэдээ