Шинжлэх ухаан судлах их сургууль байгуулах саналаа илэрхийлэв

Монголын мэдээ | Боловсрол
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-07 18:02:09
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны төв байгууллага болох ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилж буйд УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол Улсад хийсэн  айлчлал, Халх голын дайны түүхт 80 жилийн ой, Монгол-Оросын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулагдсан зэрэгтэй энэ айлчлал давхцаж буйг тэмдэглэв.



Академич А.М.Сергеев тус гэрээний ач холбогдлыг тэмдэглэн уг стратегийн хамтын ажиллагаа нь хэрхэн хоёр орны хууль тогтоомжид тусгагдах, мөн Монголд хийж буй шинэчлэлийн үйл явцад шинжлэх ухаан, технологийн салбар хэрхэн хамрагдаж буй байдлыг чухалчлав.


УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг, дээд боловсролын салбарын шинэчлэл хийгдэхээр төлөвлөгдөж буй талаар товч танилцуулаад,  цаашид Монгол-Оросын хамтарсан судалгааны их сургууль байгуулж, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа талаараа уулзалтын үеэр хэллээ.



ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев “Улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт ногдуулж буй санхүүжилт чамлалттай байдаг. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай” гээд орчин үеийн хөдөө аж ахуй, газрын ховор металууд, орчин үеийн сэргээгдэх эрчим хүч, сансар судлал болон археологи, генетик, угсаатны зүйг үндэс болгон нийтлэг түүхээ судлах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд УИХ-ын даргыг дэмжиж ажиллахыг хүсэв.


Хоёр тал шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, үр дүнтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа санал нэгтэй илэрхийллээ.

Холбоотой мэдээ