Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын ШУА-ийн ерөнхийлөгч А.М.Сергеевийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-07 19:43:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев, тус академийн дэд ерөнхийлөгч, академич А.В.Адрианов нарын төлөөлөгчийг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хүлээн авч уулзлаа.


Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгчид, тэр дундаа Академийн Ерөнхийлөгч нь 98 жилийн дараа анх удаа Монгол Улсад ирж, ШУА хооронд хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан явдал нь хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийн баталгаа хэмээн үзэж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга онцлон тэмдэглэлээ.


Улмаар хоёр орны ШУА хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэлэлцээр, хамтарсан судалгааны ажлын чиглэлийг тогтоож, байнгын хамтын ажиллагаатай байх механизм бүрдэх нь нэн түрүүнд анхаарах асуудал гээд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Манай хоёр улсын шинжлэх ухааны салбарын гүн бат хамтын ажиллагааны нэг хэсэг нь сансар судлал бөгөөд дэлхий даяар эрчимжсэн сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах, Монголын говь дахь өвөрмөц тогтоц, шинжүүдийг ашиглах боломж, бололцоо байгаа талаар талууд дэлгэрэнгүй санал солилцлоо.


Мөн түүх, соёл, археологийн салбарт бэлтгэгдсэн эрдэмтэд манай хоёр улсад нийтлэг тул хамтын ажиллагааг эрчимтэй сэргээх нь зүйтэй гэв. Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын төсөв, патент, бүс нутгийн салбарын хөгжил зэрэг өргөн асуудлаар санал солилцож, үсрэнгүй хөгжлийнхөө гараанд ирсэн шинжлэх ухааны салбарт эрдэмтдийн судалгаа шинжилгээ, санаачилга хэрэгтэй тул хамтын ажиллагааг чухалчлахыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүссэн юм.


Уулзалтын төгсгөлд талууд ярилцсан сэдэв бүрийг хариуцах эзэн, хамтын ажиллагааны механизмтай болгож, эргэн уулзалдахаар тохиров.

Холбоотой мэдээ